ХОВД: “Тунгалаг буянт” дуу эгшиглэсээр 70 жилийн түүх бүтээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-05-01 11:24:25

Жаргалант, 2024 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/.  Монгол орны баруун хязгаарт орших Ховд аймгийн Буянт голыг магтсан “Тунгалаг буянт” дуу нь ард түмний зүрх сэтгэлд эгшиглэсээр 70 жилийнхээ урин хавартай золгож байна.

“Тунгалаг буянт” дуу анх 1954 онд үзэгч, сонсогчдын хүртээл болж байсан юм.


Тус дууны аяыг Ховд аймгийн театрын хөгжимчин Ч.Балдан зохиож, шүлгийг жүжигчин Д.Лхашид бичсэн бөгөөд Ардын жүжигчин Б.Зангад наймдугаар ангийн сурагч байх үеэс дуулжээ.

Өөрөөр хэлбэл, 1954 онд "Ховдын соёлын өдрүүд" Улаанбаатар хотод болоход “Тунгалаг буянт” дууг Б.Зангад тайзнаа эгшиглүүлж, сурагчаас гавьяат, ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар болох бүхий л замд "Тунгалаг буянт"-ынхаа эрчимлэгт долгионоор явсан байна.

Тус дууг одоо Ховд аймаг төдийгүй бусад аймаг, хотын иргэд дуулах нь  түгээмэл болсон.

Мөн 2019 онд Ховд аймагт хамгийн олон буюу 1308 хөөмийч “Халуун элгэн нутаг”, “Тунгалаг Буянт” дууг нэгэн зэрэг аялгуулан хөөмийлж, монгол хөөмийг дэлхийн дээд амжилтын Гиннесийн номд бүртгүүлж байсан түүхтэй.

Энэ жил 70 жилийн ойтойгоо золгож буй "Тунгалаг буянт" дуу


Мөнгөн давалгаа хаялсан

Мөрөн голын минь урсгал

Мөнх цаст Алтайн сугаас

Мяралзан урсах нь бахдалтай


Хэдэн зуун уулын чанадаас

Хээтэж урссан Буянт минь

Асралт ээжийн минь сүү шиг

Ариун тунгалаг рашаан юм


Улиас бургас нь шуугисан

Уудам шаргал хөндийн дундуур

Үндэстэн ястнуудын бахдал болсон

Үзэсгэлэнт Буянт минь урсдаг аа


Өглөөний наран мишээхэд

Өнгө ялгаран мэлтэлзэх голын минь

Нугаларан долгиолох тунгалаг ус нь

Нутаглан суугчдын хэрэгцээ юм 

Ташрамд, 
Ховдынхон дулааны улиралд жил бүр Буянт гол дагуу зусланд гардаг бөгөөд нутгийн иргэд Буянт голыг түшиглэн газар тариалан эрхэлж байна. 

関連ニュース