БУЛГАН: Суухан хуурын аялгууг эх нутагт нь сонсохыг хүссэн судлаачид Алтарганыг хүлээж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-05-02 10:32:47

Булган, 2024 оны тавдугаар сарын 2  /МОНЦАМЭ/. Алтаргана олон улсын наадмын бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын Ардын жүжигчин Ц.Үенч, МУСТА Г.Балданцэрэн нар Буриадын үндэсний хөгжим Суухан хуурын сургалтыг Тэшиг суманд зохион байгуулж байна. Тэд суухан хуураар тоглож сурахаас гадна өөрсдөө урлан хийж сурсан байна.


Тэшиг сумын Засаг дарга Ж.Гансүх, Энэ жил сумандаа 30 суухан хуур авахаар төлөвлөж байна. Дэлхийд ганц утастай 3 хөгжим байдгийн нэг нь энэ суухан хуур юм билээ. Цаашид суухан хуурын өв соёл, хэрэглээг хөгжүүлэх олон ажил төлөвлөж байна хэмээн ярилаа.


 

МУСТА Г.Балданцэрэн, Тэшиг сум 3600 хүн амтай түүний 20 гаруй хувь нь буриад зон амьдардаг. Үүнийг түшиглээд Алтаргана наадам болох гэж буйд Булганыхан болоод миний хувьд ч их ач холбогдол өгч байгаа.

            

-Яагаад суухан хуурын багш болов?

-Би Хангал суманд төрсөн халх хүн. Яагаад суухан хууртай холбогдсон гэвэл би өөрөө анх олж илрүүлсэн юм. 1980-аад оны эхээр бүх ард түмний урлагийн үзлэгээр мартагдсан дуу хуур, хөгжмийн зэмсгийг сэргээх болзол байсан юм. Тэр ажлаар, сурвалжилж, сурталчилж явж байгаад л суухан хуур гэдгийг 1984 онд Тэшиг сумын харьяат 70 настай Норжоо гэдэг буриад хүнээс олж илрүүлсэн.

Урд нь сураг ч байгаагүй таг мартагдчихсан байсан хөгжим л дөө. Норжоо гэдэг тэр эмгэнээс олж судлаад ном ёсоор нь хийлгүүлээд концертод тоглуулахад хөгжим судлаачид их үнэлж байлаа. Ганц нумт хөгжмийн зэмсэг миний мэдэхээр дэлхийд одоо 3 л байгаа гэж Ж.Бадраа гуай хэлж байлаа. Нэг нь Вьетнамын Дамбаугийн дамбау гэдэг хөгжим 2 дахь нь, Энэтхэгийн Сатарын төрлийн нэг утастай нумт хөгжмийн зэмсэг 3 дахь нь, манай Монголын буриад зон олны дунд одоог хүртэл хэрэглэгдэж байгаа энэ суухан хуур гэдэг ганц чавхдаст үхрийн давсгаар хийсэн хуур байдаг юм байна.


Яагаад суухан хуур гэж нэрлэсэн юм гэвэл манай буриад зон аливаа амьтдын давсгийг суух гэдэг юм. Тэгээд давсгаар бүрж хийсэн болохоор давсган хуур буюу суухан хуур гэж нэрлэдэг.


-Буриад зоны дунд хэр зэрэг дэлгэрсэн бэ? Танд олон шавь байна уу?

-Олон шавьтай. Түгээн дэлгэрүүлэхийн тулд нэлээд зүтгэж байгаа хүний нэг нь би л дээ. Хуур их олныг хувилж хийлээ. Олныг хувилж хийгээд Дорнодын Дашбалбар, Зэрэглэн, Баяндун сум 100 хуурыг надаас авч нутагтаа аваачиж дэлгэрүүлж, хэрэглэж байгаа. Хятадын Шинжааны буриадууд бас уламжлал болсон үндэсний энэ хөгжмийн зэмсгээ дэлгэрүүлж байгаа.

Буриад улсын Байгаль театрт миний хүү ажилладаг. Буриад улсын Ардын жүжигчин болсон хүү маань сайн ажиллаж, нэр төртэй яваа бөгөөд энэ хуурыг дэлгэрүүлэх ажлаар хоёр жилд нэг удаа суухан хуурын уралдааныг Улаан-Үд хотод өндөр шагналтай зарлаж зохион байгуулдаг. Мөн Итгэлт хамбын хүрээ Иволгинский дацангийн хамба лам Дамба-Аюушаев гэдэг хүн буриад зон үндэсний хөгжмөө түгээн дэлгэрүүлэхэд маш чухал санаачилга гаргаж айл болгон суухан хуур өвлөн эзэмшиж үлдээх хэрэгтэй гэсэн уриалга хэрэгжүүлж байгаа.

        

-Одоогоор суухан хуур Монголын хэдэн аймаг, хэдэн суманд тархаад байна вэ?

-Монголын буриад зон амьдардаг бүхий л аймаг, сумдад энэ суухан хуур байгаа. Тэр ч байтугай манай Түмэн их чуулгад суухан хуураар 4 хүн хөгжимддөг. Үндэсний урлагийн их театрынхан хөгжимддөг, Дорнод аймгийн Хөгжимт театрын жүжигчид 4 суухан хуураар шипар хөгжмийн урд талд тоглож байгаа нь телевизээр гарч байна билээ. Тэгэхээр ер нь дэлгэрч байна даа гэж би үзэж байна.

        

-Танаас өөр хуур урладаг хүн байна уу?

-Би 1984 оноос хойш л суухан хуур хийлээ. Их олныг хийсэн, өвөрмонголчууд ч их авсан, Сүүлд өвөр Монголын хөгжим судлаач Өлзийбаяр гэдэг хүн надаас үүх түүхийг нь судлаад “Монгол ардын хөгжлийн зэмсэг суухан хуур” гэдэг номыг монгол, хятад монгол хэлээр бичиж хэвлүүлсэн байна.

        

-Суухан хуурыг яаж хөглөдөг вэ?

-Энэ суухан хуур их онцлогтой л доо. Тэгээд аливаа хөгжмийг толгойн хэлбэрээр нь нэрлэдэг. Хун толгойтой бол хун хуур, морин толгойтой бол морин хуур, шанага шиг хэлбэртэй болохоор шанаган хуур гэж хэлбэр дүрсээр нь нэрлэдэг байхад энэ суухан хуурыг болохоор цараар нь нэрлэчихсэн байгаа юм.

Царыг нь үхрийн давсгаар хийгээд суухан хуур гэж нэрлэсэн нь онцлогтой, 1 чавхдастай, буриад дууны жинхэнэ онцлог нь үнэр амт нь энэ суухан хуураас илэрч сонсогддог, их сонин дуугаралттай тун сайхан хөгжим дөө.

        

-Энэ суухан хуурыг эртний түүхэнд ямар үед хэрэглэж байсан юм бол?

-Буриад зон хурим найр ёохор бүжгээ хийхдээ бүгд хэрэглэж байсан. Манай Тэшиг сум, Харгал нуур, Холбоо нуур гээд олон нууртай.

Холбоо нуурыг тойроод

Хорин галуу ганганана аа,

Түлсэн галаа тойроод,

Ах дүүгээрээ ганганаад… ийм дууныхаа үгэнд байдаг юм л даа. Норжоо эгч маань амьд ахуйдаа түүх их ярьдаг байсан.

Суухан хуураар хөгжимдөх арга барил нь бусад хөгжмийн зэмсгээс өөр, хөлөө жийж сууж байгаад хөгжимддөг, орчин үед бол сандал дээр суугаад л хөгжимдөж байна.

        

-Тэшиг суманд явуулж буй сургалтад хэдэн хүн сурч байна?

-Энэ сургалтаар 15 орчим хүнд зааж байна. Тэд овоо дажгүй суралцаж байна. Ер нь 30 хүнд сургаж Алтаргана наадмын нээлтэд оролцуулах зорилготой ажиллаж байна.

        

-Хүүхдүүд л сурч байна уу, эсвэл насанд хүрэгчид голлож байна уу?

-Арав нь насанд хүрэгчид, 20 нь хүүхэд байх юм. Тэшиг сум хилийн цэргийн ангитай, хилийн цэргийн хөгжмийн салааны хүүхдүүд, соёлын төвийн эрхлэгчтэй уран сайханчид суралцаж байна.

        

-Энэ хөгжмийг сурахад бэрх үү, хэцүү хүндрэлтэй тал байх уу?

-Ер нь хүндрэлтэй тал байна. Морин хууртай төстэй болов чиг сурахад ер нь нэлээн ярвигтай. Ялангуяа өмнө нь хөгжим барьж үзээгүй хүүхдүүдэд бол их хүндрэлтэй.


-Суухан хуурыг суръя гэж сонирхож байгаа хүн хуураа хаанаас авч болох вэ? Тантай холбогдож заалгаж болох уу?

-Надтай холбогдож авч болно. Би нэлээн хэдийг хийчхээд байгаа. Буриад зоны суухан хуур хөгжмийг гурваас дээш настай бухын давсгаар их биеийг нь, түүндээ толгой хийж, хурдан морины сүүлээр чавхдасыг нь хийдэг юм.

        

-Суухан хуур ямар үнэтэй байдаг вэ?

-Одоо 300 мянган төгрөгөөр худалдаж байгаа, ихэвчлэн дэлгүүрт 200 мянган төгрөгөөр өөрийнхөө хэдэн хууруудыг өгчихдөг юм.

 

-Та Тэшиг суманд 30 хүнд суухан хуурыг заахад хэр хэмжээний цаг хугацаа зарцуулж ажиллах вэ?

-Би энд нэг сар ажиллахаар ирсэн. Тэгээд эхний 15 хүнээ сургана. Эд нар маань цааш цаашдаа хүүхдүүддээ заагаад тэгээд 30 болгох юм л даа.

Суухан хуураа бид өөрсдөө хийж хөгжимдөж байна. Буриад зон олон мужаан ихтэй, гарын дүйтэй уран улсууд байдаг юм шүү дээ. Тэгээд суухан хуураа өөрсдөө хийж байгаа юм. Би хийх аргыг нь заагаад өгчихсөн.

        

-Эртний хөгжмийг нь сэргээн хичээллүүлэхэд Тэшиг сумын буурлууд хэрхэн хүлээж авч байх юм? 

-Их баяртай байгаа. Манай хөгшчүүд суухан хуурыг манай сумаас олж гаргасан гээд их баяртай байдаг. Тэр байтугай Оросын хөгжим судлаач хүмүүс надтай уулзаад, суухан хуурыг эх нутагт нь очиж сонсоно гэсэн болохоор би бас тэр үгэнд нь ямар гоё юм бэ, аятайхан үзүүлэх юмтай байхгүй бол болохгүй нь гэж өөрөө сэтгэлдээ их догдлоод байгаа юм.



関連ニュース