БУЛГАН: Гучин гурван гурт, гурван хайлантаас Магсаржавын 6 үеийн өвөг аян дайнд морддог байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-05-03 11:18:40

Булган, 2024 оны тавдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Хутаг-Өндөр суманд орших 
Гучин гурт, гурван хайлантай хэмээх энэ хайрхан Хатанбаатар Магсаржавын өвөг дээдсийн шүтээн бөгөөд аян дайнд явах бүрдээ цэргүүдтэйгээ ирж тангараг өргөдөг, ирэхдээ тангаргаа тайлдаг байжээ.

Хатанбаатар Магсаржавын зургаа дахь үеийн өвөг дээдэс Үйзэнг нас барахад Хутаг-Өндөр уулын өвөрт буй Гуртын хөтөлтэй зэрэгцээ хамарт оршуулжээ. Хайзан гэгч хүү нь дайнд явахдаа Гуртын хөтөл дээр чулуун овоо босгож:

Нар сараа барин тангараглая

Няцаж буцсанаа буудан алъя

Нэгэн эцгийн хүү мэт

Найртай сайхан явцгаая гэж цэргүүдтэйгээ тангараглан эрхий хурууныхаа өндгийг зүсэн цусаа амсалцаж андгайлан байх үед дэргэдүүр нь гучин гур цувран давхисан учир тэр газрыг Гучин гурт, гурван хайлант гэж нэрлэжээ.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Сэлэнгэ мөрний хойд талын модтой арыг Гучин гурт, түүнээс доош зэргэлдээ орших цувраа гурван голыг зүүн, баруун, дунд Хайлантай хэмээн нэрлэх ажээ. Дээр дурдсан үеэс хойш тэдний удмын Дорж, Сандагдорж, Магсаржав нар дайн байлдаанд явахдаа уг овоонд ирж тангараг өргөдөг байсан ба дайнаас буцаж ирээд тангаргаа тайлдаг заншилтай байж. Хожим энэ овоог Хатанбаатар Магсаржавын овоо гэх болжээ. 



関連ニュース