СЭЛЭНГЭ: Сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийг Төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүдэд чадавхжуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-05-02 15:56:00

Сүхбаатар, 2024 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн салбараас Төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүдэд сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийг чадавхжуулж байна.

 

Дээрх эмнэлгүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан гол зорилго нь сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийг ажлын байрны сургалтад хамруулж, чадавхжуулахаас гадна сайн туршлагыг эзэмшүүлэхэд чиглэжээ.

 

Энэ удаа Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн салбараас Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-тэй хамтран “Чадварлаг эх баригч, сувилагч” сэдэвт ажлын байрны сургалтыг зохион байгуулж байна.

 

Дээрх сургалт өнгөрсөн сарын 1-ний өдөр эхэлсэн бөгөөд энэ хугацаанд нийт 5 ээлжийн сургалтад 64 эх баригч, хүүхэд, нярайн мэргэшсэн сувилагч нарыг хамруулаад байна.

 

Сургалтад хамрагдсан эх баригч, сувилагч нар төрөх болон төрсний дараах, яаралтай, эрчимт эмчилгээний тасгуудад ажиллаж мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэн сайн туршлагаас суралцаж байгаа аж.

 

Төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүдтэй хамтран ажиллах гэрээний хүрээнд 2023 онд Улсын III төв эмнэлэгт (УГТЭ)-д анхан болон лавлагаа шатлалын 53 сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийг "Чадварлаг сувилагч" сэдэвт ажлын байрны сургалтад хамруулсан байна.

 

Цаашид Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй хамтран ажиллаж, сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулж, сайн туршлагыг орон нутагт нутагшуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

関連ニュース