Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-05-03 10:46:56

ЖЕНЕВ, 2024 оны тавдугаар сарын 3 /Bloomberg/. Швейцар улс Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орныг урьжээ. Гэхдээ зочдын жагсаалтад Оросыг оруулаагүй байна.


Ирэх зургаадугаар сарын 15, 16-ны өдрүүдэд Люцерн хотын ойролцоо болох уулзалтад Долоогийн бүлэг, “Хорийн бүлэг, Европын Холбоо болон БРИКС-ийн гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарыг урьсан гэж Швейцарын Гадаад хэргийн яам цахим хуудсандаа пүрэв гарагт мэдээлэв. Оросын тал энэхүү анхны дээд хэмжээний уулзалтад оролцох сонирхолгүй байгаагаа ил тод мэдэгдсэн бөгөөд тус улсад оролцохыг санал болгоогүй гэж уг мэдэгдэлд дурджээ.


Түүнчлэн НҮБ, Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Европын зөвлөл, Ватикан, Үнэн алдартны шашны Константинополь сүмийн тэргүүн хамбыг урьжээ. Гэхдээ урилгын жагсаалтыг дэлгэрэнгүй танилцуулаагүй байна.


Дээд хэмжээний уулзалт нь НҮБ-ын Дүрэм болон олон улсын эрх зүйн хэм хэмжээний дагуу Украинд энх тайван тогтоох арга замуудын талаар яриа хэлэлцээ хийх талбар болно. Уригдсан бүх талууд эдгээр зарчмыг хүндэтгэж байгаагаа нотолсон” гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өөрийн цахим хуудсанд мэдэгджээ.


Чуулганд уригдсан улс орнуудын удирдагчид оролцох эсэх, эсвэл доод түвшний албан тушаалтнуудыг илгээх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Мөн Хятад улс оролцох эсэх, ямар түвшинд оролцох вэ гэдэг нь нээлттэй асуулт хэвээр байна. Бээжин энэ санаачилгыг дипломат шугамаар нааштай хүлээж авсан гэж Швейцарын албаны хүмүүс хэлжээ.


Швейцарын талын мэдэгдсэнээр, энэхүү бага хурал нь Украинд энх тайвныг тогтооход чиглэсэн “нээлттэй яриа хэлэлцээний платформыг” бий болгож, ирээдүйн энхийн үйл явцад Украин, Оросыг хэрхэн оролцуулах талаар замын зураг-ийг тодорхойлохыг зорьж байгаа ажээ.

関連ニュース