"Магдалэний наманчилал" уран зургийг эх хувиар нь дэлгэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-05-03 16:10:36

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Итали улсын сэргэн мандалтын үеийн төлөөлөгч, гэрэл сүүдрийн мастер Караважжогийн “Магдалэний наманчилал” уран зургийг эх хувиар нь Монгол Улсад анх удаа олон нийтэд дэлгэлээ.


“Магдалэний наминчлал” уран зургийн тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд өнөөдрөөс олны хүртээл болж буй юм.


Микеланжэло Меризи буюу Караважжо нэрээрээ илүү танигдсан, Италийн урлагийн түүхэнд нэр хүндтэй энэхүү бүтээлчийн үзэсгэлэнгээр дамжуулан монголчууд бүтээлийг нь илүү ойроос үзэж харах боломж олдож байна.


Тус музейн захирал, академич С.Чулуун соёл, урлагийн нэн эртний баялаг түүхтэй Бүгд Найрамдах Итали улсын сэргээн засварлалтын ололт амжилтыг тус бүтээлээр дамжуулан толилуулж, “Урлаг-Шинжлэх ухаан” хэмээх ойлголтыг цогцоор нь үзүүлэн таниулах жишиг ажил болж буйг тодотгов.


Тэрбээр хэлсэн үгэндээ “Музейн 100 жилийн түүхэнд анх удаа дэлхийн сонгодог зураачийн бүтээл Монгол Улсад гарч байгаа. Итали-Монголын соёл, шинжлэх ухаан, урлагийн хамтын ажиллагааны нэг толь болно гэж үзэж байна. Музейн барилга Чингис хааны алтан хөшөөг Италийн флоренцид хийснийг бид хүлээж аваад байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Чингис хаан Үндэсний музей байгуулагдсанаас хойших хоёр жил гаруйн хугацаанд дэлхийн урлаг, соёлын томоохон төвүүдтэй хамтарч ажиллаж байна. Чингис хаан Үндэсний музей байгуулагдсанаар дэлхийн сонгодог бүтээлүүд, монголын гадаадад байгаа соёлын өвүүд монголд үзэсгэлэн гаргах бололцоотой, монголынхоо соёлын өвийг дэлхий дахинд түгээх, дэлхийн  соёлоос хүртэх боломж бүрдсэн” гэдгийг онцлов.


Энэхүү үзэсгэлэнд “Магдалэний наманчилал” уран зургийн бүтээлд хийсэн судалгаа, шинжилгээ, оношилгоо, гарсан үр дүнг нарийвчилсан ажлын зургуудыг дэлгэжээ.


БНИУ-ын урлагийн бүтээлийн сэргээн засварлагч Чинциа Паскуали, “Наминчилж буй Магдалэн” зураг маш алдартай. Энэхүү зургийг сэргээн засварлахад нарийн технологи шаардаж 15 сарын хугацаа зарцуулсан. Караважжо нас барахаасаа өмнө өөртөө авч үлдсэн гурван зургийн нэг бөгөөд нэлээд хуучирсан байсан. Караважжогийн бүтээлүүд эрч хүчээр дүүрэн, асар сэтгэл хөдөлгөм, амьдралын торгон мөчүүдийг дүрсэлсэн байдаг. Гэрэл болон сүүдрийн эрс ялгаатай байдлаас тодрох дүрүүд түүний бүтээлийн онцлог юм. Эл бүтээлд Магдалэний нүднээс гарах нулимсаар дамжуулан дотоод сэтгэлийн илэрхийллийг гаргасан. Энэ үзэсгэлэнг дэлхийн олон оронд гаргасан. Монгол Улсад гарч буй эл бүтээлийн онцлог гэвэл сэргээн засварлах явцад шаардсан шинжлэх, ухаан, технологийн аргыг нэвтрүүлснээрээ онцлогтой. Энэ үзэсгэлэн Швейцарын музейд гарч байгаад Монголд ирсэн. Дараа нь БНСУ, БНХАУ-ын Бээжин хотод гарна” гэв.


“Магдалэний наминчлал” уран зургийн тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд 6 дугаар сарын 30-ныг хүртэл гарна. Энэ хугацаанд Бүгд Найрамдах Итали улсын урлагийн бүтээлийн шилдэг сэргээн засварлагч, доктор Чинциа Паскуали урлагийн салбарын мэргэжилтнүүд болон сонирхогчдод “Уран зураг сэргээн засварлах сургалт” зохион байгуулах юм. Мөн үзэсгэлэнд дэлгэж буй уран зураг болон зураачийн амьдрал бүтээлээр бүтээсэн киног үзүүлэх, соёл урлагийн чиглэлээр суралцаж байгаа оюутан сурагчдад алдарт зураачийн эх бүтээлийг дэргэдээс нь харж зургийн техник ажиллагааг судлах боломж олгох юм.










関連ニュース