Б.Баярсайхан: Морин хуур урлаачдад зэрэг дэв олгож, гэрчилгээжүүлэх хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2024-05-07 15:06:24

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор өнөөдөр Төрийн ордонд  зохион байгуулсан “Морин хуур” үндэсний анхдугаар чуулганы үеэр Морин хуур урлаачдын холбооны тэргүүн Б.Баярсайхантай ярилцлаа. Тэрбээр уг чуулганы үеэр “Морин хуур урлал, түүнийг тойрсон асуудлууд” сэдвээр илтгэл тавьсан юм.


-Танай холбоо анх хэдэн онд байгуулагдаж байв. Тухайн үеийн нөхцөл байдал, холбоо үүсэн байгуулах шалтгаан юу байв?

-Аливаа төрийн бус байгууллага гишүүдийнхээ дуу хоолой нь болж ажилладаг. Бид өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэхийн тулд холбоогоо байгуулсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хуур урлаачдын тоо цөөрч байгаа энэ үед хэрхэн яаж өөрсдийн залгамж халааг бэлтгэх вэ, хуур урлалд ашиглаж буй материалаа өөр өөр газраас оруулж ирж байгаагаас бүтээгдэхүүний чанарт сөргөөр нөлөөлж байсан зэрэг тарамдсан асуудлуудаа нэгтгэж, шийдэл гаргах зорилгоор холбоогоо 2009 онд байгуулж байлаа. Гишүүнчлэлийн хувьд 48 хүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.


-Морин хуур урлал өнөөдөр ямар түвшинд явж байна вэ?

-Өмнө нь Монгол Улс морин хуур урлалын хувьд үйлдвэрлэлийн түвшинд хүрчихсэн байсан. Улсаас явуулж байсан үйлдвэрлэл зогссоноор зах зээлийн шилжилтийн эхэн үед энэ салбар нэг хэсэг уналтад орсон. Өв уламжлал, үндэсний бахархлаа дээдэлдэг хүмүүс л бор зүрхээрээ энэхүү үйлдвэрлэлийг тасралтгүй авч явж ирлээ шүү дээ. Орчин цагт бол манай иргэд хүүхдээ хуур тоглож сургая, хүнд бэлэглэхдээ заавал дуугардаг хуур бэлэглэдэг байя, гэртээ залахдаа ч мөн ялгаагүй дуугардаг хуур авч залах ёстой юм байна гэх хандлагаас болж морин хуур урлал чамгүй хөгжиж байна. 


-Одоогоор хэдэн аж ахуй нэгж морин хуур урлаж байна вэ?

-Долоон аж ахуй нэгж байна. Гэрээр урлан эрхэлж буй гурван газар байна. 


-Та бүгд хэдэн төрлийн хуур үйлдвэрлэж байна вэ. Ямар үнэтэй байдаг вэ?

-Морин хуурыг сургалтын, мэргэжлийн, мастер гэсэн гурван төрлөөр урладаг. Морин хуур урлана гэдэг гар ажиллагаа ихтэй байдаг. Нөгөө талдаа иргэдэд морин хуур худалдан авах юмсан гэсэн хүсэл байвч санхүүгийн боломжгүй байх нь олонтаа тохиолддог. Иймд бид хамгийн хямдаар худалдан борлуулахыг хичээдэг.


-Морин хуур урлахад гар ажиллагаа их ордогийг та хэллээ. Үйлдвэрлэлийн шатанд техник технологийн дэвшлийг хэрхэн нэвтрүүлж байна вэ?

-Сүүлийн үед хувийн урлангууд компьютероор сийлдэг машиныг үйлдвэрлэлдээ ашигладаг болсон. Ер нь хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн шийдлүүдийг нэлээд нэвтрүүлж байгаа.


-Хүний нөөцийн хувьд дутагдалтай яваа гэж та илтгэлдээ дурдсан. Хүүхэд залуусыг морин хуур урлаач болгох тал дээр ямар гарц танд харагддаг вэ?

-Урлаачдад зэрэг дэв олгож, гэрчилгээжүүлэх хэрэгтэй. Шавь сургалтыг бүх талаар дэмждэг байхын зэрэгцээ их, дээд сургуульд чиглэлийн анги нээх зэргээр төрийн бодлогын түвшинд дэмжих цаг нь болчихоод байна. Нийтлэг мэргэжил биш учраас зарим талаараа ойлгогдохгүй, ойлгогдохгүй болохоор орхигдоод байгаа тал бий.


-Мэргэжлийн урлаачдыг хэрхэн бэлтгэдэг хэрэг вэ?

-Өнөөдөр шавь сургалтаар урлаачдыг бэлтгэж байгаагаас цөөн тооны хүн морин хуур урлаач болж байна. Маш удаан хугацаанд нэг хүнийг дагаж байж урлаач болдог. Тэгэхээр өнөө хүүхэд маань шантраад явчихдаг. Одоо морин хуурын эрэлт ихэссэнээр урлангууд залуу урлаачдыг тогтвортой ажиллуулах нөхцөл бүрдэнэ гэж бодож байна. 


-Хуур урлалын гарын авлага, сурах бичиг амьдрал дээр хэр зэрэг олдоцтой вэ?

-Тоглоочдод зориулсан гарын авлага, сурах бичиг бол бий. Урлал тал дээр бол огт байхгүйтэй адил.






関連ニュース