МОНЦАМЭ агентлаг

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг нь 1921 онд МОНТА буюу Монголын цахилгаан мэдээ нэртэй байгуулагдсан цагаасаа тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн мэдээллийн ууган байгууллага бөгөөд Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчлах болон дэлхий дахины мэдээллийг монголчуудад хүргэх хамгийн шуурхай, үр дүнтэй, баталгаатай эх сурвалж юм.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл
-- Нэгдүгээрт --
Монгол Улсын төр, засгийн удирдлага ба төв байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, өргөн олон нийтийг улс орны дотоод амьдралын шуурхай мэдээллээр хангах,

-- Хоёрдугаарт --
гадаад ертөнц, олон хэмжээнд болж байгаа үйл явдлын мэдээллээр хангах,

-- Гуравдугаарт --
Монгол Улсын гадаад, дотоод бодлого, дотоодын үйл явдал, улс орны хөгжил дэвшлийг гадаадад мэдээлэх, сурталчилан таниулах явдал болно.

Хамтын ажиллагаа

МОНЦАМЭ агентлаг Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын мэдээллийн агентлагуудын нэгдсэн байгууллага ОАНА-ын гишүүний хувьд гишүүн агентлагуудтай тогтмол мэдээлэл солилцож, Монгол Улсад болж буй үйл явдлын тухай мэдээ мэдээллийг өдөр тутам ОАНА-ын мэдээллийн нэгдсэн сан /www.oananews.org/-д нийлүүлж байдаг.

Манай агентлаг ОХУ-ын ИТАР-ТАСС, Риа-Новости, Их Британийн Ройтерс, БНХАУ-ын Синьхуа, БНСУ-ын ЁНАП, БНСВУ-ын ВМА, БНКУ-ын Пренса Латина, БНПУ-ын ПАП, БНБУ-ын БТА, БНТУ-ын Анадолу, Украин Улсын Укринформ, Америкийн дуу хоолой, Азербайжан улсын Азертак, Казахстан улсын Казинформ, Иран улсын Мер, БНАСАУ-ын Цахилгаан мэдээний төв агентлаг зэрэг мэдээллийн агентлагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна. Бид эдгээр агентлагтай өдөр тутам мэдээ, мэдээлэл үнэ төлбөргүй солилцон, жил бүр сэтгүүлч, техникийн ажилтнуудаа харилцан айлчлуулж улс орноо гадаадад таниулан сурталчилж байгаа юм. МОНЦАМЭ агентлаг нь нийслэл Улаанбаатар хот, 21 аймаг болон ОХУ-ын Москва, БНХАУ-ын Бээжин хотод байнгын сурвалжлагчтай.

МОНЦАМЭ агентлаг өнөөдөр
-- Дотоодын уншигчдад зориулан --:
Өдөр тутам монгол, англи, орос, хятад, япон 5 хэлээр дотоод, гадаад мэдээллийн www.montsame.mn цахим хуудас
Долоо хоног тутам монгол бичгээр “Хүмүүн бичиг” сонин

-- Гадаадын уншигчдад зориулан --:
Өдөр тутам англи, орос хэлээр “MONTSAME Daily News”, “МОНЦАМЭ Новости” товхимол
Өдөр тутам улс орны түүх, соёл, хөгжил дэвшил, дотоод амьдралын үйл явдлыг харуулсан дүрстэй мэдээг монгол, англи хэлээр бэлтгэн дотоод, гадаадад түгээдэг МОНТА теле студи
Долоо хоног тутмын “Новости Монголии” сонин /орос хэлээр/
Долоо хоног тутмын “The Mongol Messenger” сонин /англи хэлээр/
Долоо хоног тутмын “Мэнгу сяосибао” сонин /хятад хэлээр/
Долоо хоног тутмын “Монгору Цушин” сонин /япон хэлээр/
Улирал тутам хэвлэгдэн гардаг “Mongolia Today” сэтгүүл /англи хэлээр/
Жил бүр шинэчлэн хэвлэдэг мэдээлэл сурталчилгаа-танин мэдэхүйн “Mongolia” ном /англи хэлээр/-ыг хэвлэн гаргаж, ажиллуулан нийтийн хүртээл болгож байна.

Бусад үйлчилгээ
-- Гэрэл зургийн студи --
Агентлагийн фото студи нь улс оронд болж буй чухал үйл явдлуудыг гэрэл зургийн хальсанд буулган, Монгол Улсын архивын гэрэл зургийн санг баяжуулахын зэрэгцээ дотоод, гадаадын захиалгат хэрэглэгчдийг гэрэл зургийн мэдээллээр хангаж, гэрэл зургийн самбараар тогтмол сурталчилгаа хийж байна. Мөн Монгол Улсын түүх, соёл, өнөөгийн хөгжил дэвшлийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн бэлтгэн гадаадын улс орнуудад гаргахаас гадна Монгол Улсаас гадаадад суугаа Элчин сайдын яамдыг сурталчилгааны гэрэл зургаар тогтмол хангадаг.

-- МОНЦАМЭ мэдээллийн төв --
Манай агентлагийн мэдээллийн төв нь хэвлэлийн бага хурал зохион байгуулахыг хүссэн албан байгууллага болон хувь хүмүүст нээлттэй. Тус төв нь хотын төвд байрлалтай, мэдээллийн гол гол эх сурвалжид ойр дөт байдгаараа онцлог, давуу талтай. Манай мэдээллийн төвөөс интернэтээр мэдээлэл авах, дамжуулах боломжтой.

-- Хэвлэх үйлдвэр --
Манай агентлаг дотоод, гадаад сурталчилгааны зориулалтаар гаргаж буй бүх сонин хэвлэл, ном товхимлоо өөрийн хэвлэх үйлдвэрт хэвлэдэг. Энд мөн гадны байгууллага, хувь хүмүүсийн захиалгат материалыг хэвлэх , хэвлэлийн эх бэлтгэж өгөх бүрэн боломжтой юм.