Дэлхийд тархсан монгол өв
ТОЙМОлон улсын Монгол судлалын холбоо санаачлан Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран дэлхийн улс орнуудад байгаа Монголын соёлын өвүүдийг нэгтгэж бүртгэх, бүтээл хийх зорилгоор “Дэлхийд тархсан монгол өв” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү төслийн танилцуулага, хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Дэлхийн улс орнуудад хадгалагдаж байгаа Монголын соёлын өвүүдийг танилцуулсан 20 боть номыг энэхүү төслийн хүрээнд хэвлүүлэх юм. Одоогийн байдлаар дэлхийн 34 улсад Монголын соёлын өв, Монгол Улстай холбоотой дурсгалууд хадгалагдаж байгаа аж. Тухайлбал, ОХУ-д хадгалагдаж байгаа үзмэрүүдээр гурав, Тайваны хааны ордны музейд байгаа цуглуулгаар хоёр боть гэх мэтээр 20 боть ном хэвлүүлэх юм байна.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД...
Уг төслийн хүрээнд Монголын түүх, соёл, өв уламжлалтай холбоотой өв санг нэгтгэн системтэй, шинжлэх ухааны үндэслэлтэй судалж нэгдсэн санг бүрдүүлж, мэдээллийн цахим санг байгуулах.
Цаашилбал Монголын түүх, соёлтой шууд болон дам хамааралтай дурсгалуудын судалгааг нэгтгэн хэвлэн нийтлүүлж гаргах, гадаадын эрдэмтэн судлаачид, сонирхогчид, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг нэгтгэн зохион байгуулалтад оруулах, дэлхийн улс оронд хадгалагдаж буй соёлын өвийг дотоод болон гадаадад сурталчлах зэрэг олон зорилгыг агуулж буй юм.
Монголчуудын тухай гэрэл зураг гадаадад 50 мянга орчим байдаг байна. 20 боть номыг гаргахдаа гэрэл зураг, гар бичмэл, бичгийн эх сурвалж, эд өлгийн зүйл гэх зэргээр төрөлжүүлэн хэвлэх аж. 2020 онд англи, монгол хэл дээр хэвлэгдэх энэхүү 20 боть номыг улсын төсвөөс санхүүжүүлэхээс гадна аж ахуйн нэгжүүд дэмжихээ илэрхийлжээ.
Энэ үеэр түүх археологийн хүрээлэнгийн захирал, профессор С.Чулуун ярихдаа "Олон улсын Монгол судлалын холбоо санаачлан Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран дэлхийн улс орнуудад байгаа Монголын соёлын өвүүдийг нэгтгэж бүртгэх, бүтээл хийх зорилгоор “Дэлхийд тархсан монгол өв” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Бидний олж мэдсэнээр 34 улсад Монголын соёлын өв монголчуудын ул мөртэй холбоотой дурсгалууд байгаа юм. Бид монголын түүхэнд хэрэгжих хамгийн том төслүүдийн нэг гэж үзэж байгаа. Өнөөдөр хэлэлцүүлгийн шатыг зохион байгуулж байна. Монголын соёлын өвийн тухай 20 боть гарна. Тухайн улсаас нэг Монгол судлаач оролцох бол манай талаас хоёр эрдэмтэн оролцоно. Бид гадаад улсуудын номын сан архив музейгээс монголын соёлын өвийн бүрэн бүртгэл хийж байна. Манай судалгаа албан ёсны зөвшөөрөлтэй. Бид 34 улсын 20 гаруй улстай нь албан ёсны харилцаа тогтоож гэрээ хийсэн. Энэ бол том алхам. Узбекстан улс яг ийм төсөл хэрэгжүүлж өөрийн улсын өв соёлыг баталгаажуулжээ. Манай улс ингэж өв соёлоо баталгаажуулж авахгүй бол бусад улс орнууд өөрсдийн болгох эрсдэлтэй” гэв.
ХАМГИЙН ТОМ ТӨСӨЛ
ШУА-ын Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл "Дэлхийд тархсан монгол өв маш өргөн байдаг. Зөвхөн Монголын өв дэлхийд маш их тархсан. Одоогоос хоёр жилийн өмнө бид ярилцаад эдгээр өвүүдийг сайн бүртгэж авах ёстой юм байна гэж үзсэн. Ингээд төсөл хэрэгжүүлэхээр болсон. Каталог нь 20 боть гарахаас одоогоор эхний цөөн хэд нь хэвлэгдээд гарчихсан. Дараагийн ботиудыг гаргах асуудлыг одоо хэлэлцэж байна. Ер нь энэхүү ажилд ихээхэн хөрөнгө гарахаар төлөвлөгдөж байна. Гэхдээ эхний ээлжинд гарч ирсэн 20 боть нь үнэлэгдэшгүй бүтээлүүд болно. Урт хугацаандаа Монголын аялал жуулчлалын салбарт бодитой хувь нэмэр оруулах ажил юм. Тиймдээ ч түүхэнд үүн шиг том, соёлын өвийн төсөл хийж байгаагүй" гэдгийг онцоллоо.
Дэлхийн улс орнууд өөр өөрийн өв соёлтой холбоо бүхий өв санг судлах, хамтын ажиллагааг өрнүүлэх, бүтээл гаргах ажлыг өргөн хүрээнд явуулж байна. Тухайлбал Солонгос, БНХАУ, Узбекстан, Казахстан, Япон зэрэг орнуудад зарим төслүүд хэдийн хэрэгжиж эхэлжээ.
Монгол Улс 1990-ээд оноос хойш гадаад ертөнцөд нээлттэй болж Монголын түүх, соёл уламжлалтай холбоотой өвийг судлах, шинээр нээн илрүүлэх, хамтын судалгааны ажлыг ямар нэг хэмжээгээр гадны болон дотоодын ажлыг эхлүүлсэн ч өдгөө хүртэл нэгдсэн системтэй бус шинжлэх ухааны тодорхой үр дүн байв. Тиймдээ одоогоор манай улсын өв соёл хадгалагдаж байгаа болон хамааралтай дэлхийн улс орнуудын 70 орчим хувьтай хамтран ажиллах гэрээ байгуулж, өв соёлын судалгаа хийгдсэн байна. Нийт 34 улс байгаагаас 26 нь хамтын ажиллагаатай байдаг байна. Монголын талаас уг улс орнуудтай хамтран ажиллах боловсон хүчний нөөц нэгэнт бүрдсэн гэдгийг профессор С.Чулуун онцолж байв.
Жишээ нь “БНХАУ-ын Тайван дахь Монголын өв”-ийн судлаачаар МУСГЗ, Хэл бичгийн ухааны доктор Я.Ганбаатар ажиллаж байгаа бол “Франц болон баруун Европ дахь өв”-ийн судлаачаар Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн хүрэл, төмрийн судалгааны салбары эрхлэгч, доктор, дэд профессор Ц.Төрбат гэх зэрэгээ улс орон болгонд тухайн орны үүх түүх, ёс заншлыг сайтар мэддэг эрдэмтэд ажиллаж буй нь бахдууштай юм.
Тухайн улс орны тусгаар байхын нэг баталгаа нь үүх түүх, соёлын өв байдаг билээ. Олон зууны тэртээх монгол хүний оюун ухааны цар хүрээг илтгэн харуулсан барилга байшин, ахуйн хэрэглээний зүйлс, судар бичгийн гар бичмэл зэрэг үнэт зүйлсийг нэгтгэж, өөрсдийн үнэ цэнийг дотоодод болон гадаадад сурталчилах ажил хийгдэнэ гэдэг бас нэгэн шинэ түүхийн хуудас бичиж буй хэрэг билээ.
ХЭВЛҮҮЛЭХ КАТОЛОГИ
“Орос дахь Монголын өв “Солонгос, Иран дахь Монголын өв”
“Унгар, Австри дахь Монголын өв”
“Хятад дахь Монголын өв”
“БНХАУ-ын Тайван дахь Монголын өв”
“Польш дахь Монголын өв”
“Япон дахь Монголын өв”
“Франц болон баруун Европ дахь Монголын өв”
“Турк болон Төв Азийн орнууд дахь Монголын өв”
"Умард Европ дахь Монголын өв”
“Америк дахь Монголын өв”
“Герман дахь Монголын өв”
"Энэтхэгийн салбар тир дэх Монголын өв” гэсэн бүсчлэлээр хэвлэгдэх аж.
Б.Алтанхуяг
Гэрэл зургийг | Б.Чадраабал