Ким-Мүний III уулзалт: Цэргийн салбар дахь тохиролцоо ба хоёр Солонгосыг холбох төмөр зам
ТОЙМЭнэ сарын 18-20-ны өдрүүдэд хоёр Солонгосын түүхэн дэх 5 дахь удаагийн, 2018 оны хувьд 3 дахь удаагийн Дээд хэмжээний уулзалт БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотод амжилттай болж өнгөрлөө. 2000 онд Пхеньянд болсон анхны уулзалтад оролцохоор БНСУ-ын Ерөнхийлөгч асан Ким Дэ Жүн хүрэлцэн ирэх үед БНАСАУ-ын удирдагч асан Ким Жөн Ир нисэх онгоцны буудалд өөрийн биеэр угтан авч байсан билээ. Энэ жишгээр Умард Солонгосын одоогийн удирдагч Ким Жөн Ун Пхеньяны “Сунан” нисэх онгоцны буудалд 150 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг тэргүүлэн ирсэн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-ийг биечлэн угтан авч, маш өндөр хүндэтгэл үзүүллээ.
Дашрамд дурдахад, хоёр Солонгосын
дээд хэмжээний 2 дахь уулзалт анхны уулзалтаас 7 жилийн дараа буюу 2007 онд
Пхеньянд болж, Ким Жөн Ир, Но Мү Хён нар хэлэлцээ хийж байжээ.
Энэ удаагийн Солонгос хоорондын
V дээд хэмжээний уулзалтын явцад цэргийн салбарт итгэлцлийг бэхжүүлэх, хоёр
Солонгосыг төмөр зам болон авто замаар холбох, Токиогийн Олимпын наадамд Солонгосын
нэгдсэн баг оролцуулах гэсэн үндсэн 3 асуудлаар хоёр тал тохиролцоонд хүрсэн
байна.
Цэргийн салбар дахь тохиролцоо
Дээд хэмжээний уулзалтын үр
дүнгийн талаар хоёр орны удирдагчдын хамтарсан мэдэгдэлд дурдсаныг үзвэл,
БНАСАУ-ын тал Тончанни дахь пуужингийн туршилтын талбайгаа хааж, Ёнбен дахь
цөмийн объектуудаа бүгдийг нь татан буулгахаар шийдвэрлэжээ.
Тончанни дахь пуужин хөөргөх
талбай болон пуужингийн хөдөлгүүр турших талбайг татан буулгах үед сонирхож буй
улс орнуудын мэргэжилтнүүдийг байлцуулахад бэлэн гэдгээ Умард Солонгосын тал
мэдэгдсэн байна.
Түүнчлэн 11 дүгээр сарын 1-нээс эхлэн хоёр Солонгосыг тусгаарласан шугамын
ойролцоох бүсэд цэргийн хээрийн
сургуулилт хийхээ зогсоохоор тохиролцлоо. Хориотой бүсийг зүүн хэсэг дэх тусгаарлах
шугамаас 40 км, баруун хэсэг дэх тусгаарлах шугамаас 20 км зайд тогтоож байгаа
юм.
Түүнчлэн Шар тэнгис болон Япон
тэнгис дэх хоёр улсын хил залгаа районуудад цэргийн сургуулилт хийхийг хориглосон 80
км-ийн өргөнтэй бүс байгуулна. Тодруулбал, энэ нь Шар тэнгис дэх Өмнөд
Солонгосын Токчокто арлаас Умардын Чодо арал, мөн Өмнөдийн Сокчо боомтоос
Умардын Тончон боомт хүртэлх орон зай юм. Энэ бүсэд артиллерийн буудлага, тэнгисийн
цэргийн сургуулилт хийхгүй.
Мөн “Панмүнжом” хилийн
шалган нэвтрүүлэх цэгийн харуулуудыг зэвсэггүй байлгах, 1 км-ээс ойр зайд
байгаа Умард ба Өмнөдийн ажиглалтын байруудыг татан буулгахаар тохиролцсон нь
цаашдаа цэрэггүй бүсээс бүх ажиглалтын цэгүүдийг бүрмөсөн гаргах зорилго бүхий туршилтын арга хэмжээ юм.
Хоёр тал цэргийн салбарт харилцан
итгэлцлийг бий болгох үүднээс зэвсэгт хүчний хамтарсан комисс байгуулахаар
тохиролцсон ба эдгээр бүх тохиролцоог баталгаажуулсан баримт бичигт хоёр улсын
Батлан хамгаалахын сайд нар гарын үсэг зурах үед Мүн Жэ Ин, Ким Жөн Ун нар байлцлаа. Сануулан дурдахад, энэ оны 4 дүгээр сарын 27-ний өдөр болсон дээд
хэмжээний уулзалтын үеэр хоёр тал “хуурай газар, далай тэнгис, агаарт зэвсэгт
мөргөлдөөн үүсгэх шалтгаан болж буй бие биедээ дайсагнасан үйл ажиллагааг
зогсоох”-оор тохиролцсон билээ.
Хоёр Солонгосын хооронд
байгуулсан тохиролцоог АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өндрөөр үнэлжээ. “Ким Жөн Ун
цөмийн объектууддаа шалгалт оруулахыг зөвшөөрч, олон улсын шинжээчдийг
байлцуулан туршилтын талбайнуудаа татан буулгахаар болжээ. Үүний сацуу
цөмийн болон пуужингийн туршилтууд хийхгүй юм байна. Америкийн баатруудын шарилуудыг
улс оронд нь цаашид шилжүүлэн өгнө гэж мэдэгдлээ. Хоёр Солонгос 2032 оны
Олимпын тоглолтыг хамтран зохион байгуулахаар өргөдлөө өгөхөөр болжээ. Үнэхээр
сэтгэл хөдөлгөж байна!" гэж тэрбээр твиттер хуудсандаа бичсэн
байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн
албаны дарга Дмитрий Песков мэдэгдэхдээ “сайн мэдээ авчирсан Солонгосын
хоорондын дээд хэмжээний уулзалтын үр дүнд Москва баяр хүргэж байна. Солонгосын
хойгийн асуудлыг зохицуулах талаар авч буй үр дүнтэй алхмуудыг бид дэмжиж
байна” гэлээ.
Төмөр зам ба Олимпын наадам
Хамтарсан мэдэгдэлд тусгагдсан
өөр нэгэн чухал тохиролцоо бол Умард-Өмнөдийг тусгаарласан бүсээр дайруулан төмөр зам болон авто замаар хоёр орныг холбох ажлыг энэ онд эхлүүлэх тухай
асуудал юм. Энэ төсөл нь Транс-Солонгосын төмөр замыг Оросын Транс-Сибирийн
төмөр замтай холбох зорилготой бөгөөд ингэснээр хоёр Солонгост үйлдвэрлэсэн
бараа бүтээгдэхүүнийг БНАСАУ болон ОХУ-ын нутгаар дамжуулан Европ руу гаргах
боломжтой болох юм.
Өнгөрсөн 4 дүгээр сард болсон хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын үеэр Мүн Жэ Ин хоёр орны төмөр замыг холбох саналыг Ким Жөн Унд тавьж байсан билээ. Үүний дараа хоёр Солонгосын тээврийн дэд бүтцийг холбох бэлтгэл ажил энэ оны зун эхэлжээ. 7 дугаар сард Өмнөд Солонгосын Дэд бүтэц, тээврийн яамны ажлын хэсэг Пхеньянд ирсэн бөгөөд төмөр замын нөхцөл байдалд хамтарсан үзлэг хийж байгаа аж.
2000 онд болсон анхны дээд
хэмжээний уулзалтын үеэр Солонгосын дайны улмаас ажиллахаа больсон
Транс-Солонгосын төмөр замыг сэргээхээр хоёр тал тохирсон байна. Гэвч 2001 онд
Умардын тал уг хэлэлцээрээс дангаараа татгалзжээ. Харин 2002 онд төмөр замын
барилгын ажлыг үргэлжлүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдэж байв.
Мүн Жэ Ин-ий дээрх саналыг
“Оросын төмөр зам” /РЖД/ хувь нийлүүлсэн нийгэмлэг дэмжин сайшааж байна. Учир
нь, Транс-Солонгосын төмөр замыг Транс-Сибирийн төмөр замтай холбосноор
“Дорно-Өрнө” гэсэн тээврийн коридор бий болно. Үүний дүнд Солонгосын хойгоос
Оросын нутгаар дамжин өнгөрөх ачааны хэмжээ эрс нэмэгдэж, РЖД нийгэмлэгийн транзит
тээврийн хүчин чадал өснө.
Мүн Жэ Ин, Ким Жөн Ун нар спортын салбарт мөн тохиролцоонд хүрчээ. “Хоёр тал 2020 оны зуны Олимпын тоглолт зэрэг олон улсын тэмцээнүүдэд нэгдсэн багаар оролцох, 2032 оны зуны Олимпын наадмыг БНСУ, БНАСАУ-д хамтран зохион байгуулах тал дээр хамтран ажиллана” гэж хамтарсан мэдэгдэлд дурдсан байна.
Зуны Олимпын дараагийн тоглолт 2020 оны 7
дугаар сарын 24-нөөс 8 дугаар сарын 9-нд Японы нийслэл Токио хотод болох юм.
Пхеньяны уулзалтын үеэр Ким Жөн
Ун Солонгос гүрэн нэгдмэл байх үеийн газрын зургийг Мүн Жэ Инд бэлэглээд,
он гарахаас өмнө Сөүлд зочилно гэдгээ мэдэгдлээ. Ингэснээр хоёр Солонгосын
удирдагчид энэ онд 4 дэх удаагаа уулзах ба Ким Жөн Ун Өмнөд Солонгосын нийслэлд
зочилсон БНАСАУ-ын анхны удирдагч болох юм.
Ким-Мүний 3 дахь уулзалт АНУ-тай
хийх хэлэлцээнд нөлөөлөх үү?
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин хэдхэн хоногийн дараа АНУ-д айлчлах бөгөөд энэ үеэрээ Пхеньян цөмийн зэвсгээсээ ангижрахыг үнэхээр хүсч байна, иймээс Ким Жөн Унтай хэлэлцээгээ үргэлжлүүлэх нь зүйтэй гэдгийг Америкийн Ерөнхийлөгчид ойлгуулах яггүй зорилттой тулгарч байна.
Тэгвэл 6 дугаар сард болсон
АНУ-БНАСАУ-ын Дээд хэмжээний уулзалтаас хойших бодит байдал ямар байна вэ?
АНУ-ын хувьд “Умард Солонгосын
тал цөмийн зэвсгээ устгах тал дээр дорвитой алхам хийсэнгүй” гэж үзэж байгаа
юм. Эхлээд цөмийн зэвсгээ устга, дараа нь дайныг төгсгөл болгох талаар гэрээ
байгуулъя гэсэн нөхцлийг америкчууд умард солонгосчуудад тавьж байгаа бол
“дайны байдалд байгаа атлаа зэвсгээ хураалгана гэж юу гэсэн үг вэ?” гэж
БНАСАУ-ын эрх баригчид гайхширч байна.
Умард Солонгосын тал 4 дүгээр
сарын 27-нд болсон түүхэн дээд хэмжээний уулзалтын үеэр амласныхаа дагуу
Пунгэри дахь цөмийн туршилтын талбайгаа устгасан. Хүнд пуужин хөөргөх
төхөөрөмжөө задлан буулгасан. Мөн Умардын шоронд хоригдож байсан Америкийн
иргэдийг сулласнаас гадна Солонгосын дайны үеэр амь үрэгдсэн америк цэргүүдийн
шарилыг хүлээлгэн өгчээ. Харин АНУ-ын тал жил бүр Өмнөд Солонгостой хамтран хийдэг
цэргийн сургуулилтаа түр зогсоосон байна.
Цөмийн зэвсгээсээ татгалзвал
БНАСАУ-ын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээгээ зөөлрүүлнэ хэмээн Вашингтон
амлаж байгаа бол Ким Жөн Ун цөмийн зэвсэг, пуужингийн асуудлыг алхам алхмаар
шийдсэнээр хоригуудыг хэсэгчлэн цуцлуулах бодолтой байгаа бололтой. Ийм байр суурийн зөрүүнээс үүдэн "асуудлыг шийдэхэд ахиц гарсангүй" гэж АНУ үзээд 8 дугаар сард БНАСАУ-д хийх гэж байсан Төрийн нарийн бичгийн
дарга Майк Помпео-гийн айлчлалыг цуцалсан билээ. Үүний улмаас АНУ-БНАСАУ-ын хэлэлцээ үндсэндээ мухардалд оржээ. Гэтэл хэдхэн хоногийн өмнө Д.Трамп
ярихдаа “хоёр дахь удаагаа дээд хэмжээний ганцаарчилсан уулзалт хийе” гэсэн урилгыг Ким Жөн Унаас хүлээн авснаа мэдэгдсэн юм.
Ким-Мүний 3 дахь уулзалтын өмнөхөн Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн ярьснаар бол, Ким Жөн Уны хувьд, Трампын бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг нэг мөр шийдэх бодолтой байгаа аж.
Хоёр Солонгосын удирдагчид ойр ойрхон уулзаж, цэргийн салбарт итгэлцлийг бий болгон, улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад бэлэн гэдгээ мэдэгдсээр байгаа нь БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг зөөлрүүлж, Пхеньян-Вашингтоны хэлэлцээнд ахиц дэвшил гаргах урьдчилсан нөхцөл болно гэж шинжээчид үзэж байна.
Б.Адъяахүү