Био нүхэн жорлон барих ажил 70 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-09-25 18:48:35

Архангай /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дэмжлэгээр Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод био нүхэн жорлонгийн туршилтын загварыг барьж, суурилуулах ажил 70 орчим хувьтай  байна. Энэ ажлыг өнгөрөгч наймдугаар сарын 1-нээс аймгийн ус суваг ашиглалтын “Ар Ус Ундарга” ТӨХК  гүйцэтгэж эхэлсэн. Эхний ээлжинд Эрдэнэбулган сумын зургаан багаас 80 өрхийг био жорлонтой болгохоос өнөөдрийн байдлаар бүх нүхэн жорлонг бетондож, эхний 40 айлын нүхэн жорлонгийн кабиныг барьж дуусгажээ. Нүхэн жорлон барих ажлыг 11 дүгээр сарын 1-н гэхэд дуусгахаар ажиллаж байна.

Био нүхэн жорлон нь газрын гадаргаас доош дөрөв хүртэл метр ухаж, ханыг бетоноор тусгаарлана. Энэ нь газрын хөрсөнд бохир нэвчихгүй, дунджаар 3-4 жил тутамд соруулдаг учраас энгийн модон жорлонгоос давуу талтай аж. Гэр хорооллын иргэд био нүхэн жорлонтой болчихвол хөрсний бохирдолгүй, хашаан дотроо жорлонгийн олон нүх ухах шаардлагагүй болж, нэг жорлонг олон жил ашиглах боломжтой болох юм.

Эрдэнэбулган сум болон бусад  сумдын иргэд шинэ газарт хашаа байшингаа барихдаа био нүхэн жорлонг хийж эхэлжээ.

Б.Гэрэлт-Од

Холбоотой мэдээ