“Увс дулааны станц”-ын өвлийн бэлтгэл ажил 80 гаруй хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-09-25 18:59:19


Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын орлогч бөгөөд ЭХЗЗ-ийн дарга Т.Нямсамбуугаар ахлуулсан ажлын хэсэг Увс дулааны станц ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэл байдалтай есдүгээр  сарын 25-нд танилцлаа. Улаангом хотынхны  зарим хэсгийг ус, дулаанаар хангадаг тус байгууллагын өвлийн бэлтгэл ажил 80 гаруй хувьтай  байна.

“Увс дулааны станц” компани  есдүгээр сарын 15-наас аж ахуйн нэгж байгууллага, орон сууцны айл өрхүүдэд халаалт түгээж эхэлжээ. Одоогоор хэрэглэгчдийн 75 хувь нь халаалт авсан бөгөөд зарим аж ахуй нэгжүүд дотоод засвартай учир халаалтаа аваагүй байгаа аж. Мөн хоёр сарын нүүрсний нөөцтэй байна.

Аймгийн төв болох Улаангом суманд хоёр дулааны станц үйл ажиллагаа явуулдаг бөгөөд “Увс дулааны станц нь хувийн компани юм. Тус дулааны станцын хувьд төв замаас хойшоо чиглэлийн аж ахуйн нэгж байгууллага, орон сууцны айл өрхүүдийн дулаан халаалт, халуун усыг хариуцаж ажилладаг. Харин дулааны хоёрдугаар эх үүсвэр буюу “Шинэ дулааны станц” нь төрийн мэдлийн орон нутгийн өмчит компанийн статтустай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хэрэглэгчдээс 200 гаруй сая төгрөгийн авлагатай байгаа юм.

                                                                                                                                                                                                                       Б.Батхүү

Холбоотой мэдээ