Баян-Өлгийд эмэгтэйчүүдийн эмнэлэг үйл ажиллагаагаа эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хотод амбулаторийн үзлэг, эмчилгээ хийх "Амингоо мед" эмэгтэйчүүдийн эмнэлэг үйл ажиллагаагаа эхэллээ.
Эмнэлэг нь эмэгтэйчүүдийн бүх өвчин эмгэгийг эмчлэх бөгөөд сард 800 хүнд тусламж үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө өгөх хүчин чадалтай ажээ. Мөн нөхөн сэргээх болон уламжлалт эмчилгээ хийнэ. Энэ нь эмэгтэйчүүдийн өвчний үлдэц, дахин сэдрэхээс сэргийлэх ач холбогдолтой аж.
Эмнэлгийн ерөнхий эмчээр тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт он удаан жил эмэгтэйчүүдийн эмч, зөвлөх эмч, тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан туршлагатай эмч, клиникийн профессор С.Оюундэлгэр ажиллах юм.
Тэрээр "Манай эмнэлэг ажлын бус цагаар болон амралтын өдрөөр ажиллана. Ингэж ажилласнаар цаг зав муутай, тусламж авч чадахгүй байгаа эмэгтэйчүүд эмнэлгийн тусламж авахад дөхөм болох юм. Мөн жирэмсэн эхчүүдийг төрөх хүртэл нь хянаж, зөвлөгөө өгнө" гэв.
Баян-Өлгий аймгийн хувьд 1000 амьд төрөлтөд ногдох тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 16,7 промиль, 100000 мянган амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 35,1 промиль буюу улсын дунджаас дээгүүр байгаа аж. Дээрх эмнэлэг ашиглалтад орсноор улсын эмнэлгийн ачаалал буурч, эх нялхсын эрүүл мэндийг хамгаалахад тодорхой хэмжээгээр ахиц гарна гэдгийг мэргэжлийн хүмүүс онцолж байлаа.