Шаардлагагүй тохиолдолд орон нутгийн замд зорчихгүй байхыг анхааруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн нийт нутгаар есүгээр сарын 26- 27-нд хур тунадас, уулаараа нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч, эрс сэрүүсэхийг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа. Дээрх өдрүүдэд тариа ногоо цасанд дарагдах, зам даваа хаагдах, хальтиргаа гулгаа үүсэх зэрэг цаг агаарын хүнд нөхцөл бүрдэх төлөвтэй байгаа аж.
Тиймээс ард иргэдийг онцын шаардлагагүй тохиолдолд орон нутгийн замын хөдөлгөөнд оролцохгүй байх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах бүсээ зүүж, хурдаа тохируулж, өвлийн дугуй, шатах, тослох материалыг бэлтгэж хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.
Баянхонгор аймгийн УЦУОШГ-аас гаргасан цаг агаарын мэдээгээр 26-27-нд ихэнх нутгаар, 28-нд зарим газраар хур тунадас, уулаараа нойтон цас орно. Салхи 26-27-нд хээр тал болон говийн нутгаар 14-16м/с зарим үед 18-20м/с хүрч ширүүрч цасан болон шороон шуурга шуурна. Бусад хугацаанд салхи 4-9м/с,. 26-наас эрс сэрүүсч хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан, алтайн салбар уулсаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байх нь. Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.
Б.Мөнхзул