Сайд нарын анхдугаар уулзалтад оролцлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭУлаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы үеэр буюу 9 дүгээр сарын 24-нд НҮБ-ын төв байранд Европын Холбоо, Аргентин, Монгол Улс “Цаазаар авах болон эрүүдэн шүүхэд ашигладаг бүтээгдэхүүний худалдааг хориглох Дэлхий нийтийн холбоо” санаачилгын Сайд нарын анхдугаар уулзалтыг хамтран зохион байгууллаа.
Анхдугаар уулзалтыг нээж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ эл санаачилга нь үзэл санаа, ёс суртахуун ижил улс орнуудыг нэгтгэж чадсан нь чухал алхам болсныг дурдаад, хүнлэг бус үйлдлийг таслан зогсоож, хүний эрхийг хангахад улс орнууд хүчээ нэгтгэн ажиллахын чухлыг тэмдэглэв.
Энэхүү уулзалтад НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн дээд комиссар Мишел Бачелет, Аргентин Улсын Гадаад хэргийн сайд Хурго Фаурэ, ЕХ-ны Худалдааны асуудал эрхэлсэн комиссар Сесилия Малмстром, Австрали Улсын Гадаад хэргийн сайд Марис Пэйнэ, Бельгийн Вант Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Дидьер Рэйндерс, ЕХ-ны Хүний эрхийн тусгай төлөөлөгч Ставрос Ламбринидис зэрэг төлөөлөгчид оролцов.
Дэлхий нийтийн холбоо цаазаар авах болон эрүүдэн шүүхэд ашигладаг бүтээгдэхүүний худалдааг хориглох асуудлаар олон нийтэд мэдээлэл түгээх, улс орнуудын эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, харилцан туршлага солилцох, хууль боловсруулах, батлах, хөхиүлэн дэмжих, мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ үүсгэх, хувийн хэвшил, иргэний нийгмийг татан оролцуулах зорилготой. Мөн цаазаар авах болон эрүүдэн шүүхэд ашигладаг бүтээгдэхүүний худалдааг хориглох тухай НҮБ-ын ЕА-н тогтоол батлуулах, цаашлаад олон улсад дагаж мөрдөх эрх зүйн баримт бичиг гаргахыг зорьж буй.
Уулзалтын үеэр уг санаачилгад шинээр нэгдэн орсон улсын төлөөлөгчид цаазаар авах болон эрүүдэн шүүхэд ашигладаг бүтээгдэхүүний худалдааг хориглох үйл хэргийн төлөө ажиллах, уг асуудлаар НҮБ-ын ЕА-н тогтоол батлуулах, олон улсад дагаж мөрдөх эрх зүйн баримт бичиг боловсруулж батлах хүсэл эрмэлзлийг илэрхийлсэн агуулга бүхий хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурав.