АНУ, Ираны төрийн тэргүүн нар НҮБ-ын индэр дээрээс үг хаялцав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-09-26 11:50:50
twitter.com/Nyamkanmk

НҮБ. /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Ираны Ерөнхийлөгч Хасан Рухани НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индэр дээрээс харилцан үг хаялцжээ.


Ираны эсрэг нэмж хориг арга хэмжээ авна гэж Д.Трамп мэдэгдсэн бол Рухани АНУ-ын төрийн тэргүүнийг оюуны доройтолтой гэж хэлсэн байна.


Д.Трамп НҮБ-ын Ерөнхий Ассамблейд үг хэлэх үеэрээ, Ираныг “авлигад автсан дарангуйлагч” гэж хэлээд, Умард Солонгосын хандлагыг сайшаан магтсаны зэрэгцээ даяарчлалаас татгалзаж, америкчуудын ашиг сонирхлыг хамгаалахаа илэрхийлсэн байна.


Тэрбээр 35 минутын турш үг хэлсний дийлэнх нь Иран руу чиглэсэн байв. Сири, Ливан, Йемен дэх босогчдын бүлэглэлүүд дэмжлэг үзүүлэх замаар Иран Ойрхи Дорнодын бүс нутагт тогтворгүй байдал үүсгэж байна гэж тус улсыг АНУ буруушаадаг билээ.


"Ираны удирдагчид эмх замбараагүй байдал, үхэл, сүйрлийн үрийг тарьж байна. Тэд хөрш орнуудынхаа хил хязгаар, бүрэн бүтэн байдлыг үл хүндэтгэдэг" гэж Д.Трамп хэлсэн байна.


Харин Хасан Рухани үг хэлэхдээ, Ирантай байгуулсан олон улсын гэрээнээс АНУ гарсныг буруушаагаад, Д.Трамптай зураг авахуулах шаардлага байхгүй, олон улсын гэрээнээс гарах түүний шийдвэр бол зан авирын согог юм гэж мэдэгджээ.


Мөн тэрбээр, “олон талт харилцаанаас татгалзах нь хүч чадлын илэрхийлэл биш, харин оюун ухаан сул дорой байгаагийн илрэл юм. Энэ нь харилцаа холбоотой, цогц ертөнцийг ойлгох чадваргүй болгодог гэж хэлсэн” байна.


Д.Трампыг үг хэлэх үеэр улс орнуудын удирдагчид бүгд дуугаа хураан сууж, АНУ болон уламжлалт холбоотнууд хоорондын харилцааг муутгасан түүний аминчхан үзэл бодолтой санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ.


Д.Нямтулга

Холбоотой мэдээ