Иргэний эрүүл мэндийн цахим бүртгэлтэй болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн банкны санхүүжилттэй ЭМЯ-наас хэрэгжүүлж буй “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд “Эрүүл мэндийн статистикийн мэргэжилтнүүдэд зориулсан цахим эрүүл мэндийн сургалт өнөөдөр “Корпорэйт” зочид буудлын хурлын танхимд эхэллээ.
Сургалтыг ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, “Цахим эрүүл мэнд” төсөл, Улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран зохион байгуулж байна. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын бүх иргэний эрүүл мэндийн цахим бүртгэлийг бий болгож, үндэсний дата төвд аюулгүй байдлыг ханган байршуулах юм. Мөн эрүүл мэндийн салбарын мэдээлэл солилцооны платформыг байгуулж, салбарын цахим мэдээллийн шинэ тогтолцоог байгуулна. Улсын бүртгэлийн байгууллагаас иргэний регистрийн дугаар олгодог байсныг төрөх байгууллагаас шууд олгодог болохтой холбогдуулан энэхүү сургалтыг хамтран явуулж буй юм. Төслийн хүрээнд 330 гаруй сумын эрүүл мэндийн төв, 240 гаруй өрхийн эрүүл мэндийн төвийг тус бүр 4 компьютэрээр хангаж, тус бүр 3 хүнийг компьютерийн анхан шатны болон ахисан түвшний сургалтад хамруулж, эрүүл мэндийн цахим бүртгэлийн шинэ тогтолцоо нэвтрүүлэхэд тус сургалт ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.
“Энэхүү төсөл 2016 оны зургадугаар сараас эхлэн хэрэгжсэн бөгөөд 2020 оны 9 дүгээр сард дуусна. Энэ хугацаанд Монголын эрүүл мэндийн салбарын бүх байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцох нэгдсэн платформтой болно. Мэдээлэл бий болсноор тэнд ажиллаж буй хүмүүс хоорондоо мэдээллээ солилцож, иргэдэд чирэгдэлгүй үйлчлүүлэх бололцоог хангаж өгнө. Мөн иргэний эрүүл мэндийн цахим бүртгэл үүснэ. Энэ бол манай төслийн хамгийн гол үр дүн” гэдгийг “Цахим эрүүл мэнд” төслийн зохицуулагч С.Энхболд онцлов.
21 аймгийн эрүүл мэндийн газар, 9 дүүргийн эрүүл мэндийн төв, аймгийн нэгдсэн эмнэлэг, улсын төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн статистикийн мэргэжилтнүүд оролцож буй тус сургалт хоёр өдөр үргэлжилнэ.