УИХ-ын Тамгын газар ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-09-26 13:08:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын болон Монголын ахмадын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан болон Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд Улсын Их Хурал болон Улсын Их Хурлын Тамгын газарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа өнөөдөр (2018.09.26) Төрийн ордонд хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

УИХ-ын Тамгын газар нь Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон Улсын Их Хурлын гишүүн байсан, Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж байгаад гавьяаны амралтдаа гарсан нийт 80 гаруй ахмадтай юм. Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан ахмадуудад баярын мэндчилгээ дэвшүүлээд, уламжлалт уулзалтад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, урт нас удаан жаргалыг ерөөлөө. Тэрбээр хэлсэн үгэндээ, “Монгол Улсад парламентад ёсыг бэхжүүлэхэд өөрийн хүч хөдөлмөр, залуу нас, мэдлэг чадвараа зориулсан ахмадуудтайгаа уулзаж байгаадаа баяртай байна. Улсын Их Хурлын үйл ажиллагааг тогтвортой явуулах, төрийн албаны нэр хүнд, ёс зүй, хэм хэмжээг чанд баримтлах үлгэр дуурайлыг Та бүхэн үзүүлж ирсэн эрхэм хүмүүс. Улсын Их Хурлаас ахмад настнуудын нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэхэд манлайлал үзүүлж ажиллаж байна. Монгол Улсын хүн амын дунд эзлэх ахмад настны тоо нэмэгдэж байгаа учир цаашид төрөөс ахмадуудад тулгамдаж буй нийгэм, эрүүл мэндийн асуудлыг шийдэх цогц бодлого хэрэгжүүлэх ёстой. Энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хүрээнд Ахмад настны тухай хуулийг шинэчлэн баталсан. Өмнө нь байгууллагуудад ахмадуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээг санхүүжүүлэх хууль, эрх зүйн орчин ойлгомжгүй байсан. Энэ хууль батлагдсанаар тухайн байгууллагуудад ахмадуудынхаа нийгмийн хамгааллын асуудлыг шийдэх төсвийн тодорхой эх үүсвэрийг хуулиар тогтоож өгсөн. Та бүхэн Улсын Их Хурал болон Улсын Их Хурлын Тамгын газрыг бэхжүүлэх, өнгөрсөн 26 жилийн хугацаанд батлан гаргасан хуулиудыг амьдралд хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Иймд Та бүхний зөвлөгөө, санал санаачилга бидний хувьд чухал ач холбогдолтой. Залуу, дунд, ахмад гэсэн гурван үеийн залгамж халаа бол Монголын хөгжлийн гол тулгуур учир зөвхөн ахмадын баяраар уулздаг биш, байнгын эргэх холбоотой хамтран ажилладаг байх нь зүйтэй. Ахмадуудын маань хуримтлуулсан туршлага, чадавхийг залуу, хойч үеийнхэнд өвлүүлэх нь чухал юм. Та бүхний зөвлөмж, санал санаачилгыг хүлээн авахдаа үргэлж бэлэн байх болно” хэмээгээд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын халуун мэндчилгээг уламжлав.

Уулзалтад оролцсон ахмадуудыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн асан, Монгол Улсын худалдааны гавьяат ажилтан А.Шагдарсүрэн үг хэлж, төрийн үйл хэрэгт хүчин зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлуудад байнга анхаарал, халамж тавьдаг Улсын Их Хурлын удирдлага, түүний Тамгын газарт талархал илэрхийлээд цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүслээ.

Хүндэтгэлийн уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан, Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн болон албаны бусад хүмүүс оролцсон юм

Холбоотой мэдээ