Хан-Уул дүүргийн шилдэг сурагчид Япон улсын түүх соёл, ёс заншилтай танилцана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-10-16 11:45:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хан-Уул дүүрэг нь Япон улсын Мусашимураяама хоттой 2018 оны 07 дугаар сарын 10-нд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд сурагч солилцооны хөтөлбөрийг эхлүүллээ.

Эхний байдлаар тус дүүргийн ЕБС-ийн 4-6 дугаар ангийн 5 хүүхдийг үндсэн шалгуур үзүүлэлтийн дагуу сонгон шалгаруулж, Мусашимураяама хотод энэ сарын 26-29-нд болох соёл, урлаг, спортын арга хэмжээнд оролцуулна.

Нийслэл, дүүрэгт урлаг, спортоороо бусдыгаа тэргүүлэн шалгарсан эдгээр сурагчийг дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан эцэг эхчүүдийн хамт хүлээн авч уулзлаа. Тэрбээр хэлэхдээ, “Хан-Уул дүүрэг олон улс орны хотуудтай хамтын ажиллагаа тогтоон төрийн захиргаа, боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, бизнесийн чиглэлээр үр ашигтай хамтран ажилладаг. Үүний нэг тод жишээ нь тус хоттой соёл урлаг, спорт, эрүүл мэндийн чиглэлээр түлхүү хамтран ажилладаг бөгөөд энэхүү сурагч солилцооны хөтөлбөрөө улам өргөжүүлэн уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн тус хотын сурагчид манай улсын түүх соёл, ёс заншилтай танилцахаар хүрэлцэн ирнэ. Ингээд та бүхэн Япон Улсын түүх соёл, ёс заншилтай танилцаад, олон сайхан найз нөхөдтэй болж, арга хэмжээндээ амжилттай оролцоод ирэхийг хүсэн ерөөе” гээд  онгоцны тийзийг нь гардуулан өглөө.

Тус үйл ажиллагаанд шалгарсан сурагчид сумо бөхийн тэмцээн уралдаанд оролцож, Япон улсын соёл урлагтай тусгай хөтөлбөрийн дагуу танилцах юм гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ