"70 агшин, “70 түүх” гэрэл зургийн үзэсгэлэнг нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-17 18:38:57
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран “70 агшин, 70 түүх” гэрэл зургийн үзэсгэлэнг “Norphei art gallery”-д өчигдөр нээлээ.


“Монголын гэрэл зураг, мэдээлэл” сэтгүүл, “БНХАУ”-ын Төв телевизийн Монгол сүлжээ хамтран  “70 агшин-70 түүх” гэрэл зургийн тааварт уралдаан зохион байгуулжээ. Долоон сарын хугацаанд үргэлжилсэн эл тааварт уралдаанаар хөрш орнуудын уламжлалт харилцааг олон нийтэд сурталчлах зорилгоор 70 жилийн түүхэнд болж өнгөрсөн онцлог, сонин содон үйл явдлыг 70 гэрэл зургаар төлөөлүүлэн харуулахыг эрхэм болгосон байна. Үүнээс хоёр орны улс төр, эдийн засаг, соёл урлаг, боловсрол, шинжлэх ухаан, спорт, бүтээн байгуулалт, хүмүүнлэгийн харилцааг харуулсан 70 зургийг сонгож үзэсгэлэнд дэлгэжээ.



Эл тааварт уралдаан нь хоёр орны найрсаг харилцааны түүхийн талаарх хүүхэд, залуусын мэдлэгийг гүнзгийрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Уралдааны ялагч долоон хүн “HUAWEI” брендийн хамгийн сүүлийн үеийн шинэ загварын гар утасны эзэн болжээ.


Үзэсгэлэнгийн нээлтэд Хятадын төв телевизийн Монгол сүлжээний мэргэжилтэн Б.Занданхүү, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ц.Батбаатар, Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, Элчин сайд асан Г.Батсүх, Күнзийн институтын Монгол талын захирал, нэрт орчуулагч М.Чимидцэеэ нар оролцов. “70 агшин-70 түүх” үзэсгэлэн энэ сарын 18 хүртэл үргэлжилнэ.


Д.Дэлгэрмөрөн

Холбоотой мэдээ