Халх голын дайныг зогсоосон өдрийг тохиолдуулан хүндэтгэлийн уулзалт хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-09-19 11:38:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд Халх голын  дайныг зогсоосон 1939 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 14.00 цагийг тохиолдуулан ОХУ-ын  Москва хотын Ерөнхий боловсролын 1321 дүгээр сургуулийн дэргэдэх “Халх голын дайчдын алдар” музейд хүндэтгэлийн уулзалт хийв.  

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдыг Түр хамаарагч О.Очирмаа, Оросын төр, нийгмийн зүтгэлтэн, шинжлэх ухааны байгууллага, их сургуулийн эрдэмтэн судлаач, тус сургуулийн сурагч, багш, эцэг эхийн төлөөлөл болон Элчин сайдын яамны дипломат ажилтнууд энэ ёслолд оролцжээ. 

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдыг түр хамаарагч О.Очирмаа “Халх голын ялалт нь тухайн үеийн олон улсын хүчний харьцааг өөрчилж, Япон улс ЗХУ-ын эсрэг дайтахгүй байх шийдвэр гаргахад нөлөөлсөн” гээд залуу, хойч үед хамтын түүхэн ялалтын тухай таниулж, хоёр улсын цэрэг дайчдыг хүндэтгэн дурсах ажлыг жил бүр зохион байгуулж байгаа Москвагийн 1321 дүгээр  сургууль, музейн удирдлагад талархал илэрхийлэв.

Тус  сургуулийн сурагчид Халх голын дайны түүх, ялалтын ач холбогдлын тухай өгүүлсэн театрчилсан тоглолт, Оросын Улс түмний найрамдлын их сургуулийн монгол оюутнууд монгол, орос  үндэсний бүжгийн үзүүлбэр үзүүлсэн байна. Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны дипломат ажилтнууд, Москва хотод суралцаж буй монгол оюутнууд “Халх голын дайчдын алдар”  музейг үзэж сонирхон “Нүүдэлчдийн соёл” буланд тавигдсан монгол ахуй, соёлын эд өлгийн зүйлсийг ихэд сонирхлоо гэж ГХЯ-наас мэдээллээ. 

Холбоотой мэдээ