Л.Мягмарсүрэн: 34 жил Халх голын түүх, судлалаар ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-09-19 16:24:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Музейн ажилтнуудын чуулга уулзалтын үеэр Дорнод аймгийн Халх гол сумын "Ялалт" музейн захирал Л.Мягмарсүрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ. Энэ баярт мөчийн сэтгэгдлийг ч түүнээс сонслоо. 

МУСГЗ, "Ялалт" музейн захирал Л.Мягмарсүрэн "Халх голын байлдаанд зориулсан “Ялалт” музей 1984 онд байгуулагдсан. Манай музей Монгол Улсад байгуулагдсан анхны стандартын музейнүүдийн нэг. Бусдаас ялгарах хоёрхон онцлогтой. Нэгдүгээрт: Одоогоос 80 жилийн өмнө тэсрэх бөмбөг, исгэрэх суманд сийчигдсэн газрынх нь шарх аниж эдгээгүй байгаа дайны талбар дээр байгуулагдсан музей. Хоёрдугаарт: Халх голын дайнаар дагнасан төрөлжсөн музей. Дайны тухай л ярина уу гэхээс биш бусад музейтэй адил уран ураг, угсаатан зүй, байгалийн түүх ярихгүй. Заримдаа би Халх голын түүхийг харуулсан дэлхийд ганцхан музей гэж онгирдог юм" гэж яриагаа эхлүүлж билээ.

-“Ялалт” музей зүүн хязгаарт нэлээд алсмагдмал байдаг. Тиймээс зорьж очин үздэг хүмүүс цөөн байх. Халх голын ялалтын ойнуудаар л газар газраас хүмүүс их очиж үздэг. Тэгэхдээ танай музейг үзсэн хүн дахин үзэхийг хүсдэг?

-Музей, хөшөөг ганц нэг удаа  үзэх нэг хэрэг. Харин дайн болж байсан  газарт очоод 80 жилийн өмнө цус асгаруулсан ширүүн байлдаан болсон талбар нутагт тухайн үеийнх нь 37 төрлийн зэр зэвсэг, хээрийн үзмэр үзээд явсан хүмүүсийн эх орноо гэх сэтгэл өөр болдог. Дэлбэ буудуулсан, шатсан зэвтэйгээ онги татуулчихсан байлдааны техник хэрэгслүүд жинхэнээрээ манай музейд байна. Зарим техник хэрэгсэл дээр хүмүүс юм бичихээр нь дараад будчихдаг юм. Тэгэхээр гадны судлаачид, аялагчид “1970-1980  оны үеийн ОХУ-ын цэргийн жагсаалтаас хасагдсан техник байна” гэж ярих нь бий. Үүний ялгааг үзье гэвэл 3.5 км газар хөлсөө дуслуултал алхаад, явган аялал хийгээд үзсэнийхээ дараа “Жинхэнэ дайны талбарт ашиглагдсан машин техник мөн байна” гэцгээдэг. Монголчуудыг Аглагийн хийд, Эрдэнэ зуу руу “Чи яв” гэж хэлээгүй байхад л сайн дураараа явдаг. Гэтэл Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөг баталгаажуулсан түүх домогтой газар байхад зорьж очоод, хөлсөө дуслуулаад 80 жилийн тэртээх дайны цагийн байдалтай танилцаж болно доо уг нь. Эх орноороо, эцэг өвгөдөөрөө бахархах омогших сэтгэгдэл манай музейг үзсэн хэнд ч төрнө. Монгол хүн бүр Халх голын дайны талбарт заавал нэг очоод үзчих хэрэгтэй дээ.

-Та олон жил орон нутгийнхаа музейд үнэнчээр ажиллалаа. Бас Халх голын дайны судлаач болчихсон шахуу. Түүнийхээ үр шимийг хүртэж МУСГЗ гэдэг өндөр цол хүртлээ. Музейгээ үзээгүй хүнд ч үзэж байгаа мэт ярьдаг. Халх голын 80 жилийн ой угтаад шинээр юу сэдэж хийв ээ?

-Миний бусад эрдэмтэн судлаачдаас ялгарах нэг онцлог гэвэл дарийн утаа үнэртэж, гал дүрэлзэж байсан газарт амьд гэрчүүдийн хууч яриаг сонсож өссөн хүүхэд юм даа. Зарим гадаад, дотоодын эрдэмтэн судлаачидтай дайны талбар дээр явахдаа “Энэ японых, энэ оросын сум” гээд марк дугаартай нь дэлгэрэнгүй тайлбарлахаар “Та Халх голын дайны жинхэнэ судлаач хүн байна. Бид архивын баримт бичгийн шарласан хуудасны тоос үнэртэж байж докторын зэрэг хамгаалсан хүмүүс” гэж хэлдэг. Тэгэхээр судалгаа гэдэг маш өргөн цар хүрээтэй нарийвчлалтай байх ёстой. Өнөөдөр Халх голын дайнд оролцсон тавхан хүн амьд байна. Тэд энэ дайны тухай ярих ч гэсэн ой санамж нь тодорхой хэмжээгээр муудчихсан байгаа шүү дээ. Цаашид амьд гэрч байхгүй болно гэсэн үг. Хамгийн сайн ярьдаг байсан П.Шагдарсүрэн баатар маань хоёрхон сарын өмнө хорвоогийн мөнх бусыг үзсэн. Тиймээс бид “Тэд бидний төлөө, бид тэдний төлөө” гэсэн аяныг эхлүүлсэн.

Манай Халх гол нутгаас 65 хүн Халх голын дайнд, 231 хүн Чөлөөлөх дайнд, нэг хүн баруун хилийн тулгаралтад оролцсон байдаг. 29 хүн Ардын хувьсгалын партизан. Манай сум 343 ахмад дайчидтай. Халх гол сум Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан Монгол Улсын цорын ганц сум. Өөрөөр хэлбэл энэ нутагт жинхэнэ дайны гал дүрэлзэж, нутгийн зон олон маань үе удмаараа дайны бат найдвартай ар тал болж байсныг гэрчилж энэхүү шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгосон гэж боддог. Би “Ялалт” музейнхээ ханан дээр 343 ахмад дайчныхаа нэрийг жирийтэл бичээд "Халх голын ахмад дайчид" гэсэн булан байгуулсан. Яг үүн шиг Монголын 330 сум ахмад дайчдаа алдаршуулаад нэрийг нь бичиж мөнхжүүлэн хойч үедээ өвлүүлэх ёстой. Сумдууд улс төр, нийгэм, урлаг соёл, спортын алдартнуудынхаа хөргийг алдрын танхимд өлгөдөг. Яг үүн шигээ ахмад дайчдаа ч гэсэн мөнхжүүлэх хэрэгтэй. Нэр алдартай хүмүүс маань хөлсөө дуслуулан хөдөлмөрлөж хөдөлмөрийнхөө үр шимээр алдар гавьяа хүртсэн. Харин Ахмад дайчид маань амиа дэнчин тавьж, цус урсгаж, өрөөл тахир дутуу болж Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөг баталгаажуулсан. Өнөөдрийн бидний жаргалтай сайхан ирээдүйг хүлээлгэж өгсөн гэдгийг мартаж болохгүй. Тиймээс энэ хүмүүсийн зураг хөрөг нь олдохгүй байвал нэрийг нь ханандаа жирийтэл бичих ёстой. Манай музейн жишгээр Дорнод аймгийн Баяндун, Матад, Булган сум, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум хийчихлээ. Ингээд л санаачилга гаргаад ажиллаад байвал болохоор байна.

-Халх голын дайныг зарим судлаачид дайн биш хилийн мөргөлдөөн гэх мэтээр  тайлбарладаг. Харин Та бол "дайн"гэж ярьдаг хүн...? Тэр ч бүү хэл Халх голд хоёр ч ялалтын уухай хадсан биз дээ? 

- Яг үнэн. 1939 оны дайныг хэзээ ч "мөргөлдөөн" гэж жижигрүүлж болохгүй. Энэ түүхэн явдлыг дайн биш, хилийн мөргөлдөөн гээд улс амьтан янз бүрийн нэршил өгөөд л яриад байдаг. Ер нь олон улсын эрдэмтэн судлаачид дайн гэдгийг нь хүлээн зөвшөөрчихсөн. Яагаад гэхээр энэ дайнд дөрвөн улс оролцсон. Гэхдээ энэ дайн их онцлогтой. Ардын Засгийн газар “Дайн боллоо” гэхээр нь Халх гол сумыг ар тийш нь нүүлгэсэн. Өөрөөр хэлбэл эзгүй газар дээр хоёр талын арми цэргийн хүч байлдсан. Бусад улс оронд болсон дайнууд хот тосгонд болж энгийн номхон иргэд амь үрэгдэж аж үйлдвэр, барилга орон сууц ихээр сүйтгэгдсэн. Үүгээрээ л ялгарна. Мөн Халх голд ирэх жил Дэлхийн агуу их эх орны дайны 45 жилийн ой болно. Ийм хоёр том ялалтын түүхэн газар бол яах аргагүй Халхын гол мөн шүү дээ.

-Халх голын ойн 80 жилийн ойн үеэр  Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн болсонд баяр хүргэе?

-Ямар шагнал авах гэж байгаагаа мэдээгүй байсан. Музейн ажилтнуудын чуулга уулзалт болно гэдгийг мэдэж байсан л даа. Гэхдээ энэ үеэр шагнал авсан маань давхцаад сайхан л байна.  Халх голын ялалтын 80 жилийн ойн зарим арга хэмжээг есдүгээр сарын 4-нд Халх гол суманд  тэмдэглэсэн. Тэр үеэр  “Шадар сайд ярьж байна. Есдүгээр сарын 09-ний өдөр Төрийн ордонд бэлэн байгаарай” гэж хүн хэлсэн. Харин Ерөнхийлөгчийн ёслолын албаны хүмүүс “Эндээс ийшээ алхана шүү, Ерөнхийлөгч таны баруун энгэрт шагналыг чинь зүүж өгнө. Та гар бариарай, буцаад байрандаа очоорой” гээд л надад зөвлөх үеэр нэг юм авах нь ээ гэж мэдсэн. Яг шагнал авна гэсэн өглөө нь хүлээж байтал “УИХ-аар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай асуудал хэлэлцэгдэж санал хураалт явагдана” гээд шагнал гардуулах үйл ажиллагаа хойшилсон. Ингэж хоёр өдөр дамнаж байж төрийн шагнал хүртсэн чинь музейн салбарын чуулгантай давхцлаа. Төрийнхөө тэргүүнээс шагналаа аваад маш их баярласан. Бас музейн хамт олон маань ч баяр хүргэхэд илүү их баярлалаа.

-Та 46 гаруй жил төрийн хар ажил хийсэн гэж ярьдаг. Яг музейд хэдэн жилийг нь зориулсан бэ?

-Манай удмынхан Халх гол суманд зургаан үеэрээ амьдарч байна.  Миний ажилласан ихэнх он жил энэ "Ялалт" музейтэй холбоотой. Тиймээс "Халх голын дайны үйл явдлыг хойч үедээ зөвөөр ойлгуулах, таниулан мэдүүлэх, залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх. Өөрөөр хэлбэл, Монголоороо бахархаж омогших үзлийг хойч үедээ өвлүүлэх ёстой" гэдгийг л яс маханд нь тултал ойлгуулахсан гэж өдий хүртэл зүтгэж байна. Өвөө маань Халх голын дайнд арын албанд “Тамсагийн  мал бааз"-д ажилладаг байсан.  Биднийг хүүхэд байхад аав минь “Дайчдын малыг маллаж дайны ард ажиллаж байсан ахмад дайчны удам" гэдэг байлаа.  Ингэхээр би яах аргагүй л Халх голын дайнтай дэндүү ойр холбоотой хүн шүү дээ. "Ялалт" музейг байгуулагдахаас тасралтгүй эндээ ажиллаж байна.

-Та музейд ажиллаж байхдаа цусан гавьяагаа байгуулсан баатруудтай яг тулж уулзаж байсан уу? Одоо бол Халхын голд тулалдаж байсан улсын баатруудаас амьд үлдсэн хүн үгүй боллоо шүү дээ?

- Би дээр хэлсэн дээ. Яг сүүлийн ганц баатар нь П.Шагдарсүрэн гуай байлаа гэж. Наадмын өмнөхөн нас барчихлаа. Халхын голын ялалтын ойдоо ирэх л байсан хүн дээ. Амжсангүй хөөрхий. Тиймээс Халх голын баатруудын үр хүүхэдтэй байнга холбоотой ажиллахыг хичээж явна. Би Л.Дандар баатрын тухай нэг сонин зүйл ярья. Намайг наймдугаар анги төгссөн жил Халх голын ялалтын 30 жилийн ой болсон юм. Тэр үед Л.Дандар баатар "УАЗ-469" машинтайгаа ойд бэлтгэх комисстын ажлыг шалгахаар Халх гол суманд ирсэн юм. Л.Дандар баатар аавтай минь аяга тагш юм хувааж уугаад гэрт маань хууч хөөрөөд сууж байлаа. Би гадаа тоглож байгаад хээрээс олсон гранатаа шидэж тоглож байтал гэнэтхэн тас няс хийгээд л явчихлаа. Ээж маань гэрээс гүйж гарч ирээд л “Хүү минь ээ, юу болж байгаа юм” гэж загнав. Тэгтэл нэг  сахалтай хүн гарч ирээд “Чи наашаа яваад ир” гэж дуудлаа. “Ямар задарсан пионер вэ. Яахлаараа чи, Монгол Улсын баатар Л.Дандарын унаж яваа "УАЗ-469" машин руу гранат шиддэг юм. Би японы буудсан суманд үхээгүй БНМАУ-ын баатар хүн, монгол пионерын шидсэн гранатад үхэх болоогүй” гээд зад загнасан нь Л.Дандар баатар өөрөө байсан. 16 нас хүрч байгаа том хүү хингэнэтэл уйллаа. Л.Дандар баатар удалгүй тайвшраад мөрөн дээр маань дал алгадаад “За, хүү минь Халх голын дайн их онцлогтой. Дайнд нэг орчихвол буцаж болдоггүй юм. Би хоёр том дайнд орсон БНМАУ-ын баатар хүн. Миний хүү дайны талбарт өссөн хүүхэд байна. Цаашид сургууль соёлын мөр хөөвөл Халх голын дайны тухай бусдаас илүү сайн мэдэж аваарай” гэж аргадлаа. Үүнээс хойш би  Халх голын дайны түүх рүү илүү их орох болсон доо.  Миний бие одоогоор 34 жил  тасралтгүй Халх голын дайны түүх судлалаар ажиллаж байна.

- Тантай сүүлийн үед хүмүүс их холбогдож, Халх голын дайны тухай асууж сурагладаг болсон гэл үү?

-Манай "Ялалт" музей “Тэд бидний төлөө, бид тэдний төлөө” гэсэн аяныг өнгөрсөн жил санаачилсан. Энэ аян аймгаасаа хальж улс орны хэмжээнд өрнөлөө. Өдөрт хэдэн арван хүн над руу утасдаж “Миний өвөө Халх голын дайнд оролцож байсан. Зургийг нь өгье. Номд оруулмаар байна” гэж их холбогдсон. Хэдийгээр бидний санаачилсан ажил ч гэсэн Монголын залуу хойч үе өвөг дээдэс, ахмад дайчдаа алдаршуулах чин хүсэл эрмэлзэлтэй байна. Сайн үйл гал шиг дүрэлзэж бадарч байх ёстой. Энэ галын цучил хэзээ ч унтрахгүй гэж би бодож байна.

-Баярлалаа Танд. Таны ажилд улам их амжилт хүсье.


 

 

 

Холбоотой мэдээ