Өвлийн улирлын тоглолтоо "Хөхөө Намжил" дууриар эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-10-03 19:28:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын дуурь бүжгийн эрдмийн театр өвлийн улирлын  57 дахь тоглолтоо энэ сарын 5-ны өдөр “Хөхөө Намжил” дууриар эхэлнэ гэж өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ. 

Анх 1961 онд  үзэгчдийн хүртээл болж байсан энэ  дууриар эхэлж буйн учир нь, Төрийн дууллыг хамтран зохиосон  Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн нарын мэндэлсний 100 жилийн ойтой холбоотой юм байна. Уг дуурийг 4 дэх удаагаа шинэчлэн тавьж байна. 

УДБЭТ-ын захирал МУГЖ Ц.Түвшинтөгс “Энэ жил хөгжмийн театрын түүхэнд ховор тохиох гайхамшигт он жил болж байна. Монгол Улсын “Төрийн дуулал”-ыг бичсэн нэрт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж болон “Учиртай гурван толгой” дууриар нь УДБЭТ анх хөшгөө нээсэн Б.Дамдинсүрэн нарын мэндэлсний 100 жилийн ой тохиож буй. Тиймээс манай хөгжмийн театрын хамт олон Л.Мөрдорж агсны 100 жилийн ойг тохиолдуулан “Хөхөө Намжил” дуурийг шинэчлэн тавьж байгаа юм” гэв. 

Харин ерөнхий найруулагч УГЗ Л.Эрдэнэбулган уг дуурийн домгийн шинжийг түлхүү гаргах бөгөөд шинэ залуу уран бүтээлчид оролцон тоглож буйг онцлов. УДБЭТ-ын хамт олон мөн 57 дахь улиралдаа хүүхэд залууст зориулсан бүтээл түлхүү үзүүлнэ. Дэлхийн сонгодог Л.Минкусын “Баядера”, “Испани бүжгийн цоморлиг” балет болон багачуудад зориулсан шинэ бүтээл “Баавгай дуулах уу” зэрэг  бүтээл энэ улирлын нь хөтөлбөрт багтжээ. Тус театрын урын сан дахь 100 гаруй уран бүтээлээс үндэснийхээ дуурь, балетыг сэргээн тавихад анхаарахын зэрэгцээ  Уран сайхны зөвлөлөө өргөтгөж, урлаг судлаач, шүүмжлэгчдийг урьж  ажиллуулахаар болсон байна.


Холбоотой мэдээ