"Алсын удирдлага" киноны тасалбарыг музей үзэх эрх дагалдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-10-04 23:29:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатар музей” төсөл хэрэгжүүлэгч нар "Dreamer’s Day" кино өдөрлөг зохион байгуулагчидтай хамтран Бусаны олон улсын кино наадмын “Шинэ давалгаа” шагналт бүтээл “Алсын удирдлага” киног үзэгчдэд толилуулахаар болсон байна. Кино өдөрлөг энэ сарын 11-ний баасан гарагийн 19 цагаас iCinema кино театрт болно.

Найруулагч С.Бямбын энэхүү бүтээл 2014 онд нээлтээ хийснээс хойш Нидерландын Вант улсын ханхүү Клаусын нэрэмжит тусгай шагнал, Роттердамын олон улсын кино наадмын дэргэдэх Хуберт Балс сангийн шагналыг тус тус хүртсэн. Мөн Мельбурны олон улсын кино фестивалд шалгарсан анхны монгол кино болсон юм.

С.Бямба “Хүй” богино хэмжээний кино болон “Хүсэл шунал” баримтат киногоороо кино сонирхогчдын талархлыг хүлээсэн найруулагч юм. Тус үзвэрийн тасалбар нэг бүрт Улаанбаатар музейг үнэгүй үзэх эрх дагалдана. Энэхүү орлогыг тус музейн засварт хандивлах юм байна. 

Холбоотой мэдээ