Боловсролын салбарыг өөрчлөх хөдөлгөөн эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-01-15 14:48:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын боловсролын салбарыг шинэчлэх “Боловсролын реформ хөдөлгөөн” ТББ байгуулагдлаа.


Тус хөдөлгөөнийг ШУТИС-ийн ТУЗ-ийн дарга, доктор, профессор  Д.Бадарч,  МУБИС-ийн ректор асан  Б.Жадамба, боловсрол судлалын магистр Г.Орхон, З.Энхмөнх, эдийн засагч Ө.Ганзориг, сэтгүүлч, редактор Ч.Болортуяа нар санаачлан эхлүүлж байгаа юм. 


Дэлхийн Эдийн засгийн форумаас гаргасан “Дэлхийн өрсөлдөх чадвар 2019” судалгаанд дүгнэснээр өндөр ур чадвартай мэргэжилтний үзүүлэлтээр Монгол Улс 141 орноос 139, мөн 2017 оны “Хүний хөгжлийн тайлан”-д боловсролын чанарын үзүүлэлт 187 улсаас 101-т жагссан байна. Энэ нь Монголын боловсролын салбар бүхэлдээ хангалтгүй байгааг харуулж байна. 


ЕБС төгсөгчдийн 2018 оны ЭЕШ-ын дүнгийн амжилтыг харьцуулбал, Монголын хүүхэд, багачууд хаана амьдарч байгаагаас шалтгаалж дундаж онооны зөрүү 50 хүртэл, төрийн болон төрийн өмчит бус буюу аль сургуульд сурч байгаагаас шалтгаалж онооны зөрүү зарим хичээл дээр 182 болсон нь Монголд боловсролын тэгш бус байдал гаарсныг илтгэж байна. Мөн 2018 онд танилцуулсан ядуурлын үзүүлэлтүүдэд боловсрол эзэмшээгүй иргэдийн ядуурлын хамрах хүрээ хамгийн өндөр буюу 52.8 хувь байгаа зэргээс шалтгаалан боловсролын салбарт шинэчлэл бус реформ хийх шаардлагатай гэж үзэн “Боловсролын реформ хөдөлгөөн” байгуулж буй аж. 


Тус хөдөлгөөн цаашид Боловсролын салбарыг улс төрөөс ангид байлгах, Үнэт зүйлд тулгуурласан, суралцагч төвтэй, сэтгэлзүйд суурилсан боловсролыг хөгжүүлэх, Дижитал суурьтай боловсрол, Тооноос чанарт шилжих биш, тоо бүрийг чанар болгон хувиргах стратеги, Багшийн боловсрол, хөдөлмөрийг төгөлдөржүүлэх, Эцэг, эхчүүдийг бэлтгэх зэрэг стратеги барьж ажиллах юм.


“Боловсролын реформ хөдөлгөөн” боловсролын реформыг найман жилийн хугацаанд бүрэн хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна. Иймээс ч цаг алдалгүй энэ реформыг эхлүүлэхийн тулд тус салбарын эрдэмтэн, судлаачидтай хамтран форум зохион байгуулахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ