ЭМЯ : Уханиас ирсэн 32 хүнийг 14 хоног тусгаарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
183@montsame.mn
2020-02-01 13:35:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яам шинэ төрлийн коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.02.01/ мэдээлэл хийлээ. 

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “Монгол Улсад шинэ төрлийн коронавирус бүртгэгдээгүй. Гэхдээ онцгой байдалд тохирсон үйл ажиллагааг авсан. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарласан. Мөн Ухань хотод сурч байгаа оюутнуудыг авчрах үйл ажиллагааг Гадаад харилцааны яамтай хамтран зохион байгуулсан. Ухань хотоос оюутнаа авчирсан эхний таван оронд багтсан. Энэ нь иргэнийхээ эрүүл мэндэд анхаарал хандуулдгийн илрэл” гэлээ.

ДЭМБ-ын халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн н.Ариунтуяа “Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нэгдүгээр сарын 31-ний байдлаар 9826 шинэ тохиолдлыг бүртгээд байсан бол БНХАУ-ын эрүүл мэндийн хорооны мэдээллээр тохиолдлын тоо 11 мянга 821 хүрээд байна. Тархалт БНХАУ-д идэвхтэй явагдаж байна. БНХАУ-ын 31 мужид дэгдэлт явж байгаагаас Хөбэй муж тархалтын 89 хувийг эзэлж байна. БНХАУ-аас гадна 106 улсад шинэ төрлийн коронавирус бүртгэгдсэн. Италид бүртгэгдсэн хоёр тохиолдол нь БНХАУ-д аялснаас үүссэн байна. Өвчний халдвар тархах хурд нь 1.4-4.9 байгаа. Энэ нь нэг хүн 1-5 хүнд халдвар тараах магадлалтай гэсэн үг.  Нууц үеийн хугацаа тав буюу 1-11-ийн хоногийн хооронд байгаа. Эрсдэл нь бүс болон дэлхийн хэмжээнд өндөр, Хятад улсын хэмжээнд маш өндөр хэвээр байна” гэлээ.

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Уханиас ирсэн 31 оюутан, нэг хүүхдийг 10.20 цагт хүлээж авсан. Эдгээр иргэдийг тусгаарлах өрөө, эмч, лабораторийн ажилчид бэлэн ажиллаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу нийтдээ Ухань хотоос 32 хүн, нисэх бүрэлдэхүүний 15 хүн гэсэн нийт 47 хүнд 14 хоногийн тусгаарлалт хийнэ. Манай төвөөс томилогдсон ажилчид энэ хугацааг дуустал солигдолгүй ажиллахаар болсон. Клиник шинж тэмдгийг нь эмчилж, шинэ оношлуураар оношилно. Цаг хугацааны хувьд тодорхой хяналт хийгээд гаргана. БНХАУ нь голомтод бүсэд байгаа гаднын иргэдийг маш сайн хянаж гаргаж байна. БНХАУ халдварыг гадагш нь гаргахгүй байхаар, онцгой анхаарч ажиллах болно гэдгээ зарласан” гэсэн юм.

Хил хамгаалах газрын мэргэжилтэн хурандаа Ц.Мягмардорж “Засгийн газар 39 дүгээр тогтоолыг баталсан. Өнөөдрийн хувьд агаарын тээврийн боомт, төмөр зам болон автозамын боомтууд хуваарийн дагуу ажиллаж байгаа. Агаарын замын боомтын хувьд Улаанбаатар Хонконг чиглэлийн нислэг үйлдэгдсэн. Тус нислэгээр зайлшгүй ажлын шаардлагаар Монгол Улсын 49 иргэн холбогдох зөвшөөрлийг авч улсын хилээр нэвтэрсэн. Хилээр нэвтрэхэд Онцгой комиссын зөвшөөрөл хэрэгтэй. Өнөөдөр Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэрэг улсын хилээр нэвтэрсэн. Тус галт тэргээр Улаанбаатар хотоос найм, Замын-Үүдээс 28 иргэн зорчиж байсныг холбогдох шийдвэрийн дагуу улсын хилээр нэвтрүүлээгүй. Транзит галт тэрэгний хувьд асуудал үүсгэж байна. Тухайлбал, Бээжин-Улаанбаатар-Москва, Москва-Улаанбаатар-Бээжин чиглэлийн зорчиж буй гадаад иргэдийг Монголын нутаг дэвсгэрт буулгалгүй дамжин өнгөрүүлэх шийдвэр гарсан. 

Хил нэвтэрсэн иргэдийн судалгааны хувьд өчигдөр Монгол Улсын хилээр 1109 монгол иргэн нэвтэрч, 450 зорчигч гадагш хил гарсан байна. Хязгаарлалт хийсэн үеэс буюу нэгдүгээр сарын 28-31-нд БНХАУ-аас Монголд 6370 монгол иргэн ирсэн байна. Харин Монголоос 1528 иргэн БНХАУ-руу хил нэвтэрсэн байна. Урд хөршөөс автотээврийн боомтоор ирж буй иргэдийг зохих шийдвэрийн дагуу оруулж ирж байгаа. Автотээврийн боомтоор нэгдүгээр сарын 28-31-нд 3046 монгол иргэнийг хилээр нэвтрүүлсэн байна.

Холбоотой мэдээ