“Tesco” үндсэн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн худалдааг хязгаарлаж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-03-09 13:12:39

ЛОНДОН. /BBC/. Их Британийн жижиглэн худалдааны томоохон компаниудын нэг болох “Tesco” үндсэн хэрэглээний хүнс, гэр ахуйн бүтээгдэхүүнүүдийн худалдааг хязгаарлаж эхэлжээ. Шинэ коронавирусний халдварын улмаас хэрэглэгчид зарим бараа бүтээгдэхүүнийг олноор нөөцөлж эхэлсэнтэй холбогдуулан уг шийдвэрийг гаргажээ.


Шинэ дүрмийн дагуу гар ариутгагч шингэн, салфетик, цацлага болон гоймон, сүү, дарсан хүнсний ногоо зэрэг бүтээгдэхүүнийг таваас илүү ширхэгээр худалдан авах боломжийг хязгаарласан байна. Уг дүрэм цахим худалдан авалтад мөн хамааралтай ажээ. Их Британийн Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, вирусний халдвартай холбогдуулан ямар арга хэмжээ авах талаар супермаркетуудтай тохиролцсон байна.


Мөн “Waitrose” супермаркет бактерийн эсрэг саван, салфетик зэрэг бүтээгдэхүүнийг худалдан авах хэмжээнд түр хугацаагаар хязгаарлалт тогтоосон байна. "Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангахын тулд нийлүүлэгчидтэй хэлэлцээ өрнүүлж байна" гэж “Waitrose” мэдээлжээ. Үүнээс гадна эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүний “Boots” брэнд нэг хүнд хоёр гар ариутгагч худалдаалахаар болжээ.


Retail Economics” байгууллагын судалгаанд дурдсанаар, дэлгүүрээр үйлчлүүлсэн 2000 хүний мэдээллээс үзэхэд Их Британийн худалдан авагчдын 10 хүн тутмын 1 нь бараа бүтээгдэхүүнийг нөөцөлж буй нь ажиглагджээ. Харин "Cardiff" бизнесийн сургуулийн доктор Андрей Поттер хэлэхдээ, одоогоор дэлгүүрүүдийн лангуу хоосорч болзошгүй хэдий ч хэдхэн долоо хоногийн дараа дахин дүүрэх бөгөөд одоогийн хомсдол түр зуур үргэлжилнэ гэжээ. 

Холбоотой мэдээ