“COVID-19” халдварын тархалтыг 4 үе шатанд хуваажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-03-09 15:38:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “COVID-19”  халдварыг дэлхийн улс оронд тархаж буй байдлаар нь 4 үе шатанд хувааж байна. Тухайн үе шатанд хамаарах байдлаар нь улс орнуудад өгч буй зөвлөмжийг Монгол Улс мөрдөж байна хэмээн өнөөдөр ЭМЯ ээлжит мэдээллийнхээ үеэр танилцуулав.

Монгол дахь ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа, “ДЭМБ-аас шинэ коронавируст   халдварыг тархалтаар нь 4 үе шатанд хуваан үзэж байна. Үүнд, тохиолдол бүртгэгдээгүй, нэг буюу түүнээс дээш импортлогдсон, дэгдэлт голомтлон тархаж байгаа, өргөн цар хүрээний тархалттай гэж хуваан, үе шат бүхэнд тохирсон зөвлөмжийг улс орнуудад өгч байгааг Монгол Улс мөрдөж байна. Иран, Итали улсад “COVID-19”  халдвар сүүлийн 24 цагт 1000 гаруй тохиолдлоор нэмэгдсэн. Итали улсад 366 хүн нас барсан байна. Мөн хэд хэдэн хотод 16 сая хүнийг хамарсан хөл хорио тогтоолоо. БНСУ-д шинэ коронавируст халдвар авсан хүний тоо буурч, 360 тохиолдол шинээр бүртгэгдэж, 19 мянган хүн шинжилгээнийхээ хариуг хүлээж байна” гэв.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа,  “АНУ-д “COVID-19” халдвар авсан хүний тоо 550 боллоо. Нийт 34 мужид халдвар бүртгэгдсэнээс найман мужид онц байдал зарласан бөгөөд 21 хүн нас бараад байна. Харин Итали улсад сүүлийн нэг хоногт 133 хүн нас барж, нийт нас баралтын тоо 366 боллоо. Тус улсад “COVID-19” халдвар авсан хүний тоо 25 хувиар өсөж 7 375 болоод байна. БНСУ-д 248 шинэ тохиолдол  бүртгэгдсэний 190 нь Дэгү, 26 нь хойд Гёнсан, 10 гаруй нь Сөүл болон бусад хотод илэрчээ ” хэмээв.

Мөн Итали улсад олон нийтийг хамарсан бүх үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан бол Катар, Саудын Арабын улсад “COVID-19” халдвартай холбоотой агаарын болон усан замын тээврээр зорчигч хүлээн авахгүй хэмээн мэдэгджээ.

П.Хүслэнтуяа



Холбоотой мэдээ