Парист өдрийн цагаар гадаа дасгал хийхийг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2020-04-08 11:41:42

ПАРИС. /Fox News/. Францын нийслэл Парис хотод коронавирусний цар тахлыг хязгаарлах үүднээс хэрэгжүүлж буй хязгаарлалтуудыг чангатгаж, өдрийн цагаар гадаа дасгал хийх, шогшин гүйхийг хориглосон байна.


Уг арга хэмжээ өнөөдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд үүнд өглөөний 10 цагаас оройны 19 цаг хүртэлх хугацаа хамаарах ажээ. Холбогдох албаны төлөөлөгчдийн мэдээлснээр, эмнэлгүүд ачаалал ихтэй ажиллаж байгаа тул хязгаарлалтын арга хэмжээнүүдийг сулруулвал халдварыг хязгаарлахын тулд өдийг хүртэл хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд үр дүнгүй болох ажээ.


Францад мягмар гаргийн байдлаар 78 мянга гаруй хүн халдвар авч, 10328 хүн нас барсан байна. Тус улсад өнгөрсөн гуравдугаар сарын 17-ноос орон даяар хөл хорио тогтоосон бөгөөд хүмүүсийг үндсэн хэрэгцээний зүйлсээ худалдан авах, эмнэлгийн тусламж авахын тулд гэрээс гарахыг зөвшөөрч байгаа юм. Мөн тэднийг гэрээсээ нэг километрийн радиуст нэг хүртэлх цаг дасгал хийхийг зөвшөөрч байжээ.


Өнгөрсөн амралтын өдрүүдэд нарлаг, дулаахан байсан тул олон хүн гадуур гарсны дараа өдрийн цагаар дасгал хийхийг хориглох шийдвэр гарчээ. Дотоод хэргийн сайд Кристоф Кастанер хүмүүсийн гадуур гарахыг багасгах арга хэмжээнүүдийг өргөжүүлэхийг орон нутгийн эрх баригчдад уриалсан байна. 

Холбоотой мэдээ