Энэтхэгийн нийслэлд зарим хязгаарлалтыг сулруулж эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-04-28 17:49:38

ШИНЭ ДЕЛИ. /NDTV/. Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотын засаг захиргаа цахилгаанчин, сантехникч, ус цэвэршүүлэгч засах механикч зэрэг мэргэшсэн ажилтнуудыг мягмар гаргаас эхлэн ажилдаа эргэн орж, үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрлөө.


Энэтхэгт 40 хоногийн турш тогтоосон хөл хорио ирэх тавдугаар сарын 3-нд дуусах юм. Нийслэл хотын номын дэлгүүрүүдийг нээж, зун болж буйтай холбоотойгоор дэлгүүрүүдэд цахилгаан сэнс ажиллуулахыг зөвшөөрсөн тушаал энэ сарын 27-нд гарсны дараа дээрх шийдвэр гарчээ.


Мөн Шинэ Дели хотод судлаач, сувилагч, лабораторийн техникч, асрагч, тэтгэвэрт гарсан ажилтнууд зэрэг эмнэлгийн байгууллагын бүх ажилтныг ажилдаа явахыг зөвшөөрсөн байна.


Шинэ Дели нь Энэтхэгтээ халдвар хамгийн их тархсан бүсүүдийн нэг бөгөөд тус хотод 3108 хүн халдвар авч, 54 хүн нас баржээ.


Энэтхэгт халдварын 29435 тохиолдол бүртгэгдэж, 934 хүн нас барсан гэж тус улсын Эрүүл мэндийн яам өнөө өглөө мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ