Вайоминг муж улс спорт танхим, үсчин, гоо сайхны газруудаа нээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-04-29 11:09:29

НЬЮ-ЙОРК. /CNN/. АНУ-ын Вайоминг муж улсын эрх баригчид спорт танхим, үсчин, гоо сайхны газруудыг тавдугаар сарын 1-нээс нээх шийдвэрийг гаргалаа гэж тус муж улсын захирагч Марк Гордон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.


“Миний тогтоол Вайоминг муж улсын эдийн засгийг сэргээх үйл явцыг эхлүүлнэ” гэж Марк Гордон онцлон тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ, тэрбээр спорт танхим, үсчин, гоо сайхны газруудын эздэд аюулгүй зайг баримтлах журмыг дагаж мөрдөх, 10-аас дээш хүн нэг дор хүлээж авахгүй байх, бүх үйлчлэгчтэйгээ эргэж холбоо барих мэдээллийг нь авахыг анхааруулсан байна.


Вайоминг муж улсын нийтийн хоолны газрууд зөвхөн авч явах захиалга авч байгаа юм. Үйлчлүүлэгчдэд тухайн газарт захиалгаа хүлээхийг зөвшөөрсөн боловч дотор байгаа хүмүүсийн тоо таваас хэтрэх ёсгүй аж.


Үүнээс гадна, Теннесси муж улсын захирагч Билл Ли тус муж улсын 95 спорт танхимын 89-ыг нь тавдугаар сарын 1-нээс нээх шийдвэр гаргаснаа мягмар гарагт мэдэгдсэн байна. Тэрбээр спортоор хичээллэдэг хүмүүсийн тоог 50 хувиар бууруулж, хамтдаа хэрэглэдэг тоног төхөөрөмжийг хураан, аюулгүй зайг дагаж мөрдөхийг спорт танхим эзэмшигчдэд үүрэг болгожээ.


Энэ долоо хоногт АНУ-ын Колорадо, Миннесота болон Жоржи муж улсад хязгаарлалтын зарим арга хэмжээг сулруулах юм. Эдгээр муж улсын эрх баригчид аж ахуйн зарим нэгжүүдэд эрүүл ахуйн журмыг чанд дагаж мөрдөх нөхцөлтэйгөөр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг зөвшөөрчээ. Харин коронавирусний цар тахалд хамгийн их нэрвэгдсэн Нью-Йорк муж улсад хязгаарлалтыг тавдугаар сарын 15 хүртэл сунгасан бол  Висконсин муж улс тавдугаар сарын 26-ны өдөр хүртэл хязгаарлалтыг сулруулахгүй.


Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, АНУ-д 1 сая гаруй хүн коронавирусний халдвар авч, 58343 хүн нас баржээ.


Холбоотой мэдээ