Испани өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг тав дахь удаагаа сунгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-21 11:37:58

МАДРИД. /Ria novosti/. Испанийн парламентын доод танхим коронавирусний тархалтын улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг 6 дугаар сарын 7 хүртэл сунгах Засгийн газрын саналыг сайшаан дэмжжээ.


Испанийн эрх баригчид 3 дугаар сарын дундуур 15 хоногийн хугацаатай өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, орон даяар иргэдийн хөл хөдөлгөөнийг хязгаарласан юм. Өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг энэ удаад сунгаж байгаа нь 5 дахь удаагийнх болж байна. Энэ удаад засгийн газар дэглэм үйлчлэх хугацааг сар гаруйн хугацаагаар сунгах хүсэлтэй байсан хэдий ч төв үзэл баримтлагч “Иргэд” намтай яриа хэлэлцээ хийсний дараа 15 хоногоор сунгахаар тохиролцсон байна.


Цар тахлын улмаас хамгийн их хохирол амссан улсуудын нэг бол Испани юм. Сүүлийн үед коронавирусний халдвар хумигдаж байгаатай холбоотойгоор тус улсад тогтоосон хязгаарлалтуудыг аажмаар сулруулаад байгаа юм. Хязгаарлалтын арга хэмжээнүүдийг сулруулах шинэ шатанд 5 дугаар сарын 18-наас шилжсэнээр Испанид зарим кафе, шөнийн цэнгээнт газрууд, музей, зочид буудлуудыг үйл ажиллагаагаа явуулахыг зөвшөөрсөн байна. 

Холбоотой мэдээ