Хэдэн зуун сэтгүүлчийг мөшгөж байсан хэмээн сэжиглэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-08 12:07:07

БУЭНОС-АЙРЕС. /TASS/. Аргентины Холбооны тагнуулын агентлагийн эрхлэгч Кристина Кааманьо тус улсын Ерөнхийлөгч асан Маурисио Макригийн Засгийн газрын гишүүдийг болон түүний үед байсан удирдлагыг 400 гаруй сэтгүүлчийг мөрдөж, мөшгөсөн хэмээн сэжиглэж, тэдний эсрэг прокурорын газар гомдол мэдүүлжээ. Энэ тухай Аргентин дахь Олон улсын сэтгүүлчдийн холбоо өнгөрсөн ням гарагт мэдээлсэн байна. 


Холбооны тагнуулын агентлагийн эрхлэгч Кристина Кааманьо гомдол мэдүүлсэнтэй холбогдуулан Аргентин дахь олон улсын сэтгүүлчдийн холбоо нөхцөл байдлыг сэтгэл түгшин ажиглаж байгаа бөгөөд энэ талаар шүүхээс удахгүй тодруулга өгнө гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.


Тус холбооны мэдэгдсэнээр, мөрдлөг явуулж байсан сэтгүүлчдийн дунд “Reuters, EFE, "Синьхуа", AFP”, Associated Press агентлагийн ажилтнууд багтаж байсан аж.


Аргентины Ерөнхийлөгч асан Макриг прокурорын газар өмнө нь хууль бусаар мөрдөн мөшгөхтэй холбоотой хэрэгт сэжиглэн, мөрдөн шалгаж эхэлжээ. Холбооны тагнуулын агентлагийн тэргүүн асан Густаво Аррибаса, Сильвия Махдалани нарыг мөн ийм хэрэгт буруутгажээ. Холбооны тагнуулын агентлаг улс төрчид, сэтгүүлчид, бизнес эрхлэгчид бүхий 80 орчим хүний цахим шуудангийн хаягт зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн гэж прокурорын газар үзэж байгаа аж. 

Холбоотой мэдээ