Сэжигтнийг баривчлахдаа боох мэх ашиглахыг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-10 12:03:32

ВАШИНГТОН. /The Washington Post/. Өнгөт арьс эрэгтэй Жорж Флойдыг нас барснаас хойш АНУ-д эсэргүүцлийн жагсаал өрнөж эхэлсэнтэй холбоотойгоор цагдаагийн ажилтны дүрэм, журамд шинэчлэл хийхийг Вашингтон хотын зөвлөл санал нэгтэй дэмжжээ. Сэжигтнийг баривчлан саатуулахдаа боох мэх ашиглах, жагсагчдыг тараахдаа резинэн сум, химийн цочроогч бодис хэрэглэхийг хориглосон заалтуудыг журамд оруулжээ.


Сахилгын зөрчил гаргасан цагдаа нарын нэр болон дүрэмт хувцастайгаа байх үед нь камерт бичигдсэн дүрс бичлэгийг нь 72 цагийн дотор нийтлэхийг шинээр оруулж буй өөрчлөлтүүдэд тусгасан байна. Түүнчлэн хууль сахиулах байгууллагын ажилтнуудын зохисгүй үйлдлийг мөшгөдөг ажиглалтын бүлгийн үйл ажиллагаанд өөрчлөлт оруулахыг санал болгож, Вашингтон хотын зарим хоригдолд саналаа өгөх эрхийг нь сэргээхийг тусгасан зүйл заалтуудыг оруулсан байна.


Шинээр оруулсан өөрчлөлтүүд нь 90 хоногийн дотор хүчинтэй байх бөгөөд хугацааг нь цаашид сунгахын тулд дахин санал хураалт явуулах шаардлагатай аж. Нийтийн сонсгол, шинэ санал хураалт явуулсны дараа л өөрчлөлтүүд тогтмол үйлчлэх эсэх нь шийдэгдэнэ гэдгийг “The Washington Postонцолжээ. 

Холбоотой мэдээ