АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалт цөхрөл болж хувирсан гэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-12 11:21:15

ПЁНЬЯН. /KCNA/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар Сингапурт түүхэн дээд хэмжээний уулзалт хийснээс хойш хоёр жилийн дараа хоёр улсын харилцаа "цөхрөлийн цэг"-тээ хүрчээ гэж БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ли Сон Гвон мэдэгджээ.


“2018 оны 6 дугаар сарын 12-нд  БНАСАУ, АНУ өндөр дээд хэмжээний түүхэн яриа хэлэлцээ хийснээс хойш хоёр жил өнгөрчээ. 732 өдөр бол чамлахааргүй хугацаа. Энэ хугацаанд гэрч болсон дэлхий дахин хоёр улсын харилцааны түүхээс ямар сургамж авсныг ойлгох хэрэгтэй. Хоёр жилийн өмнө дэлхий нийтийн анхаарлын төвд байсан БНАСАУ, АНУ-ын харилцаа сайжрах итгэл найдвар одоо цөхрөл болон хувирчээ. Тийнхүү цөхрөнгөө барсан нь Солонгосын хойгт энх тайван, хөгжил цэцэглэлт авчрах өөдрөг үзэл, итгэл найдварын бяцхан оч унтарч, улам дордож буйн шинж юм” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.


БНАСАУ, АНУ-ын харилцаа болох хамгийн зөрчилдөөнтэй харилцаанд цэг тавьж, урьд өмнө нь байгаагүй энх тайван, хөгжил цэцэглэлтийн шинэ эринийг нээх нь хоёр улсын ард түмний хүсэл зориг юм гэж үзэж байгаагаа тэрбээр мөн мэдэгдсэн байна.


"Солонгосын хойг дахь нөхцөл байдал өдөр бүр дордсоор байна. АНУ-ын өрсөж цөмийн цохилт өгөх зорилгод нь БНАСАУ багтсан хэвээр байна. АНУ-ын эзэмшдэг бүх төрлийн цөмийн зэвсэг нь БНАСАУ-д шууд чиглэсэн. БНАСАУ-ын аюулгүй байдлын стратегийн зорилго нь АНУ-ын урт хугацаанд цэргийн хүчээр заналхийлхийг эсэргүүцэх илүү найдвартай хүчийг бий болгох явдал юм ” хэмээн Ли Сон Гвон онцлон тэмдэглэжээ.


АНУ, БНАСАУ-ын анхны түүхэн дээд хэмжээний уулзалт 2018 оны 6 дугаар сарын 12-нд Сингапурт болсон билээ. Уулзалтын үеэр БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурсан юм. Тухайн үед Вашингтон аюулгүй байдлын баталгаа олгож байгаагийнх нь хариуд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үүрэг хариуцлагыг БНАСАУ өөртөө хүлээсэн юм. Гэсэн хэдий ч 2019 оны 2 дугаар сард Ханойд болсон хоёр улсын хоёр дахь дээд хэмжээний уулзалт үр дүнгүй өндөрлөсөн юм.


Мөн оны 6 дугаар сарын 30-нд хоёр улсын удирдагчид мөн хоёр Солонгосын хилийн Панмүнжом тосгонд богино хэмжээний уулзалт хийж, ажлын түвшин яриа хэлэлцээгээ сэргээхээр тохиролцсон хэдий ч хожим нь Стокгольмд болсон ажлын бүлгийн уулзалт үр дүнтэй болоогүй юм. 

Холбоотой мэдээ