Хөрсний эвдрэл бүхий газруудыг тоолно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан /МОНЦАМЭ/. Завханд
уул уурхайн ашиглалт болон улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай
авто зам барих засварын ажлын улмаас ухагдан эвдрэлд орсон гадаргын төрх төлөв
байдалд өөрчлөлт гарсан газруудын тооллогыг хийжээ.
Өнөөдрийн байдлаар нийт таван сумын нутагт 20.2 га газар, уул уурхайн ашиглалт болон түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын улмаас эвдрэлд орж эзэнгүй орхигдсоныг уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрын тооллогын үеэр баримтжуулжээ. Эдгээр газрыг нөхөн сэргээх ажлыг хийхийг зарим холбогдох газруудад нь шаардлага хүргүүлснээр нийт долоон газрыг нөхөн сэргээжээ. Өнгөрсөн жил хийсэн тооллогод Завханы 10 сумын 102 нэгж талбарын 241.17 га талбайг хамруулжээ. Үүнээс хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагаагаар гурван сумын гурван багийн найман газрын 13.4 га талбай, түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын улмаас хоёр сумын гурван нэгж талбайн 6.8 га талбай эвдрэлд орсон байна.
Тооллого, хяналтыг жил бүр аймгийн БОАЖГ-аас хариуцан хийж байна. Тус газар БОАЖ-ын сайдын тушаалаар баталсан тооллого хийх хүснэгтийн дагуу эвдэрсэн газруудад очиж өнөөгийн ерөнхий төлөв, төрх байдлыг тодорхойлох, хэмжилт хийж талбайн хэмжээ, солбицлыг тогтоох, эвдэрсэн газрын фото болон сансрын зураг авч баримтжуулах. Амьтан, ургамлын төрөл зүйлийн бүрэлдэхүүнийг тодорхойлох, эвдэрсэн газруудын зураглал хийх. Судалгааны үр дүнг мэдээллийн нэгдсэн санд оруулах, нөхөн сэргээлтийн ажлыг шат дараалалтайгаар хийлгэх. Тооллогын ажлыг эвдэрсэн газрын хөрс, ургамлын бүрхэвчийг тодорхойлж, урт, өргөн, гүн, талбайн эзэлхүүнийг тооцоолон, GPS багаж ашиглан байр зүйн солбицлыг тодорхойлжээ. Газарзүйн мэдээллийн системийн ARCGIS програм ашиглан явуулжээ. Энэ жил дахин тооллого, хяналтын ажлыг хийнэ. Иргэдэд мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан тухай бүр өгч байна хэмээн аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.