БНАСАУ цэрэггүй бүсэд цэргүүдээ байрлуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-16 10:39:49

ПЁНЬЯН. /KCNA/. Манай улс Солонгос хоорондын хэлэлцээрт заасан цэрэггүй бүсэд цэргийн анги нэгтгэлүүдээ эргүүлэн байрлуулахыг зорьж байна гэж БНАСАУ-ын Ардын армийн Ерөнхий штабын мэдэгдэлд дурдсаныг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг уламжилжээ.


“Фронтын шугамыг цайз болгон хувиргаж, Өмнөд Солонгостой харилцахдаа цаашид сонор сэрэмжээ нэмэгдүүлэхийн тулд Солонгосын ардын арми БНАСАУ, БНСУ хоорондын хэлэлцээрийн дагуу цэрэггүй болгосон бүсэд цэргийн анги нэгтгэлүүдээ эргүүлэн байрлуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг судалж байна” хэмээн мэдэгдэлд дурджээ.


“Хоёр Солонгосын харилцаа улам дордож буй өнөөгийн нөхцөл байдлыг манай арми анхааралтай ажиглаж байгаа. Нам, засгийн газрын гадаад бодлогын аливаа шийдвэрийг бид цэргийн арга хэрэгслээр хангахад бэлэн байна. Дээр дурдагдаж буй алхмуудаа даруй хэрэгжүүлэхийн тулд бид зэвсэгт хүчний үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргаж, намын Цэргийн төв хорооноос зөвшөөрөл авна” хэмээн Солонгосын ардын намын Ерөнхий штабын мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.


БНАСАУ-ын дээд удирдлагыг доромжилсон ухуулгын хуудсуудыг тараасантай холбоотойгоор Зэвсэгт хүчин хариу арга хэмжээ авахад бэлтгэж байгаа тухай БНАСАУ-ын эрх баригчид БНСУ-д даваа гарагт анхааруулжээ.


Энэ анхааруулгыг өгөхийн өмнө Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны хэлтсийн нэгдүгээр орлогч дарга бөгөөд БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны дүү Ким Ё Жон мэдэгдэхдээ, Пёньян ойрын хугацаанд дараагийн алхмыг хэрэгжүүлнэ гэжээ.


Түүнчлэн БНСУ-тай харилцаагаа таслах шаардлагатайг мэдэгдэж, дараагийн алхмуудыг хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэрийг батлах үүргийг Солонгосын ардын намын Төв штабд хүлээлгэхээ онцолжээ.


Пёньян ухуулах хуудас тараасныг хоёр талын найрамдлын хэлэлцээрийг зөрчсөн дайсагнасан үйлдэл хэмээн үзэж, энэ сарын 9-нөөс эхлэн БНСУ-тай харилцаа холбооны бүх шугамаа хаасан юм. Тухайлбал, харилцаа холбооны газарт байдаг бүх телефон утас тэр дундаа хоёр Солонгосын цэргийнхэн хоорондын харилцаа холбооны шугамыг, мөн Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны байр, БНСУ-ын Ерөнхийлөгчийн ордонг холбосон шугамыг хаасан байна.


БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар 2018 оны 9 дүгээр сард Пёньянд хийсэн дээд хэмжээний уулзалтын дүнд цэрэггүй бүсээс цэргүүдээ гаргаж, хил орчмын Панмүнжом сууринд зэвсэг хураах, мөн цэрэггүй бүс дэх ажиглалтын байруудын тоог бууруулахыг үүрэг болгосон хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.

 

Холбоотой мэдээ