Хятадын агаарын тээврийн компаниудад тавьсан хязгаарлалтаа зөөлрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-16 13:31:44

ВАШИНГТОН. /The Wall Street Journal/. БНХАУ-ын эрх баригчид Америкийн агаарын тээврийн компаниудын нислэгт тавьсан хязгаарлалтыг сулруулах шийдвэр гаргасны дараа АНУ-ын Засгийн газар мөн адил шийдвэр гаргажээ.


АНУ-ын Засгийн газар өмнө нь Хятадын агаарын тээврийн компаниудын нислэгт хязгаарлалт тогтоож, долоо хоногт нийт хоёр удаа зорчигч тээвэрлэх арилжааны нислэг үйлдэхийг зөвшөөрчээ. Энэхүү хязгаарлалт нь ачаа тээврийн нислэг үйлдэхэд хамаарахгүй аж.


Америкийн агаарын тээврийн “Delta Air Lines, “United Airlines компаниудын нислэгт тавьсан хязгаарлалтыг Хятадын эрх баригчид зөөлрүүлж, нэг компани долоо хоногт хоёр удаа арилжааны нислэг үйлдэхийг зөвшөөрсөн байна. Энэ мэдэгдлийн дараа АНУ-ын Тээврийн яам хязгаарлалтаа сулруулах шийдвэр гаргаж, нислэгийн тоог хоёр дахин нэмэгдүүлсэн байна. Одоо Хятадын компаниуд долоо хоногт нийт 4 удаа нислэг хийх боломжтой болжээ.

 

“Улс хоорондын агаарын тээврийн нислэгийг бүрэн сэргээх чухал алхам болсон Хятадын засгийн газрын энэхүү шийдвэрийг бид сайшааж байна” хэмээн Тээврийн яамны мэдэгдэлд цохон тэмдэглэжээ.


Air China, China Southern Airlines, China Eastern Airlines”, “Xiamen Airlines” гэсэн Хятадын агаарын тээврийн 4 компани нислэгийг үйлдэх аж.


Коронавирусний цар тахал, эрүүл ахуй-эпидемиологийн хяналтын улмаас агаарын тээврийн компаниудынхаа Хятадын зах зээлд нэвтрэх нөхцөл байдалд сэтгэл хангалуун бус байгаатай холбогдуулан АНУ-ын эрх баригчид нислэгийнхээ тоог бууруулах шийдвэрийг өмнө нь гаргажээ. Эхлээд АНУ-ын засаг захиргаа улс оронд нь нислэг үйлдэхийг бүрэн хориглох санаатай байжээ. Гэсэн ч шийдвэрээ зөөлрүүлсэн байна. Америкийн агаарын тээврийн компаниудад зориулсан нөхцөлийг сайжруулах зорилгоор БНХАУ-ын эрх баригчид үйлдлээ засаж залруулбал Вашингтон шийдвэрээ эргэн харахад бэлэн байгаа гэж Тээврийн яам өмнө нь мэдэгдсэн байна.


Зорчигч тээвэрлэх тогтмол нислэг үйлдэх хоёр талын эрхийг бүрэн эдлэх зөвшөөрлийг улс орных нь агаарын тээврийн компаниудад Хятадын Засгийн газар олгоогүйтэй холбоотойгоор бүрэн хориг тавихыг зорьж байсан гэж АНУ-ын эрх баригчид мөн мэдэгдсэн банйа.


The New York Times сонины мэдээлснээр, энэ оны эхээр хоёр улсын агаарын тээврийн компаниуд долоо хоног тутамд нийт 325 нислэг үйлджээ. Хоёрдугаар сарын дундуур улс хоорондын нислэгийн тоо долоо хоногт 20 болж буурсан бөгөөд нислэгийг зөвхөн Хятадын агаарын тээврийн компаниуд үйлдэж байжээ. 

Холбоотой мэдээ