Малын шилжилт хөдөлгөөнийг баримтжуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-12-31 17:27:01

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт мал эмнэлгийн гэрчилгээний системийг нэвтрүүлснээр малын шилжилт хөдөлгөөнийг хянах боломжтой болжээ.

-“Өнөөдрийн байдлаар Завхан аймгийн мал эмнэлгийн тасаг, нэгжүүд 95529 малын шилжилт хөдөлгөөнийг мал эмнэлгийн гэрчилгээний системд бүртгэн баталгаажуулаад байна. Мөн 97892 мал, 730.6 тонн мах, 133,0 тонн түүхий эд бүтээгдэхүүнийг мал эмнэлгийн гэрчилгээний системд бүртгэн баталгаажуулжээ. Энэ онд гэхэд мал эмнэлгийн гэрчилгээний системийг нэвтрүүлснээр малын шилжилт, хөдөлгөөнийг хянах, мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхой болгох. Иргэдийг эрүүл, аюулгүй хүнсээр хангах, малын өвчнийг хянах, малчдын орлого нэмэгдэхэд чухал ач холбогдолтой юм.

Ер нь мал эмнэлгийн гэрчилгээний системийн зорилго нь малын өвчин гараагүй эрүүл бүсээс эрүүл ахуйн шаардлага хангасан эмийн үлдэгдэлгүй. Гарал үүсэл нь баталгаажсан эрүүл, аюулгүй мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээр иргэдийг хангах явдал юм” хэмээн Завхан аймгийн Мал, амьтны эрүүл мэндийн албанаас мэдээлэв.

Мал эмнэлгийн гэрчилгээний системийг нэвтрүүлэхэд хөрөнгө гаргажээ

Завхан аймаг малын гоц халдварт өвчин гараагүй цөөн аймгуудын нэг. Энэ нь хоёр жилийн өмнө мал эмнэлгийн гэрчилгээний системийг нэвтрүүлсэн анхны аймаг болсонтой холбоотой юм. Тус ондоо Улиастай суманд аймгийн малчдын зөвлөгөөнийг зохион байгуулсан. Энэ зөвлөгөөнийг Мал эмнэлгийн ерөнхий газар, аймгийн ЗДТГ, Швейцарын хөгжлийн агентлагийн "Ногоон алт-Малын эрүүл мэнд" төсөлтэй хамтран зохион байгуулсан.

Энэ үеэр Мал эмнэлгийн гэрчилгээний системийн нээлтийн үйл ажиллагааг аймагтаа зохион байгуулсан билээ. Мөн үеэр энэ системийг нэвтрүүлэхийн ач холбогдлыг малчдад ойлгуулж, санал авч үр дүнтэй хэрэгжүүлж байгаа. Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах тухай хууль 2017 онд батлагдсанаар Мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг сумын нутаг дэвсгэрээс гаргах бол заавал мал эмнэлгийн  гэрчилгээтэй байлгахаар болсон.

Мөн мал эмнэлгийн гэрчилгээг хувийн мал эмнэлгийн нэгжийн тодорхойлолтыг үндэслэн сумын мал эмнэлгийн тасгийн байцаагч олгохоор хуульд зааж өгсөн байдаг. Тиймээс манай аймаг сүүлийн хоёр жил мал эмнэлгийн гэрчилгээний системийг нэвтрүүлэхээр шаардагдах техник хэрэгслийн үнэ 105,0 сая төгрөгийг шийдвэрлэж амжилттай ажилласан.

Дээрх хөрөнгийг аймгийн Засаг даргын нөөц сан, сумдын орон нутгийн хөгжлийн санд суулгаснаар шаардлагатай техник хэрэгслийг худалдан авч сумдын Мал эмнэлгийн тасаг, нэгжүүдийн эмч нарт хүлээлгэн өгсөн. Эдгээр техник хэрэгслийг хэрхэн яаж, үр дүнтэй ашиглах талаарх сургалтыг малын эмч нарт зориулж шат дараатай амжилттай зохион байгуулсан хэмээн Завхан аймгийн ХХААГ-ын Мал, амьтны эрүүл мэндийн албанаас мэдээлэв. 

Холбоотой мэдээ