Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт сул байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-06-08 08:26:49

Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтэд тавих хяналт сул байна.

Сургууль, цэцэрлэгийн орчимд тамхи татах явдал байнга гарч, ахлах ангийнхан сургуулийн ариун цэврийн газрыг тамхиар бохирдуулж байдгийг бага насны сурагчид хэлж байлаа.

Мөн хуулийн тухай ойлголт хэдийн мартагдаж, гудамж талбайд тамхи татах нь хэвийн үзэгдэл болоод байгаа ч хуулийг сануулсан, хяналт тавьсан арга хэмжээ явагдахгүй байгаа юм. Энэ тухай Цагдаагийн газрын Хэв журмын тасгаас тодруулахад “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтэнд байнга анхаарч, хяналт шалгалтыг явуулж байгаа. 2015 оны сүүлийн улиралд сургуулийн ойролцоо тамхи худалдах зөрчил гарсныг 3 удаа илрүүлсэн бол 2016 он гарсаар энэ төрлийн зөрчил илрээгүй байна” гэсэн хариуг өгсөн юм. Харин тамхи татаж буй иргэдэд тавьсан шаардлага, торгууль байхгүй аж.

Тамхины хяналтын тухай хууль 2012 онд батлагдсанаас хойш сургууль, цэцэрлэг, албан байгууллага, үйлчилгээний газруудын ойролцоо 500 метр талбайд тамхи татахгүй байх журмыг орон даяар хэрэгжүүлж эхэлсэн юм.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ