“Омикрон” хувилбар уушгийг “дельта”-гаас бага гэмтээдэг байж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2022-01-31 17:50:17

ТОКИО. /NHK/. Олон улсын судлаачид коронавирусний “омикрон” хувилбар үхэр зусгуудын уушгийг “дельта” хувилбартай харьцуулахад бага гэмтээж байгааг тогтоожээ.


Судалгааны багийн ахлагчдын нэгээр Токиогийн их сургуулийн Анагаахын шинжлэх ухааны хүрээлэнгийн профессор Каваока Ёшихиро ажиллажээ. Энэхүү судалгааны үр дүнг “Nature” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлүүлсэн байна.


Судлаачид “омикрон”, “дельта” хувилбараар халдварласан үхэр зусгуудад ямар ялгаатай шинж тэмдэг илэрч байгааг нарийвчлан судалсан байна. Ингэхэд “омикрон”-оор халдварласнаас гурван хоногийн дараах байдлаар үхэр зусгуудын уушгин дахь вирусний хэмжээг “дельта”-гаар халдварласантай харьцуулахад бага байжээ.


Мөн компьютер томографаар “дельта” хувилбараар халдварласан үхэр зусгуудын заримд хүнийхтэй адил хатгалгаа үүссэн байсныг тогтоосон байна. Харин “омикрон”-оор халдварласан амьтдад уушги нь бага зэрэг үрэвссэн байдал ажиглагджээ.


Судлаачдын мэдээлснээр, “омикрон” хувилбар эмгэг төрүүлэх чанар бага, “дельта”-тай харьцуулахад үржих чадвар нь сул бололтой байгааг энэхүү судалгаа харуулжээ. Гэхдээ “омикрон”-оор халдварласан зарим үхэр зусаг үхсэн байна.


Хэдийгээр “омикрон” хувилбараар халдварласан тохиолдолд илрэх шинж тэмдгүүд нь “дельта”-гийнхаас хөнгөн байгаа ч судлаачид сонор сэрэмжтэй байхыг хүмүүст уриалж байгаа бөгөөд ялангуяа ахмад настай, дархлаа султай хүмүүст ийнхүү сэрэмжлүүлж байна. 

Холбоотой мэдээ