АНУ-д “Moderna”-гийн вакциныг хэрэглэх зөвшөөрлийг эцэслэн баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2022-02-01 10:10:42

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар /FDA/ Moderna” компанийн “COVID-19”-ийн вакциныг хэрэглэх зөвшөөрлийг даваа гарагт эцэслэн баталжээ. Энэхүү вакциныг “Spikevax” нэртэйгээр зах зээлд нийлүүлнэ.


Хүнс, эмийн чанарын хяналтын газар “Moderna”-гийн вакцинд 2020 оны 12 дугаар сард яаралтай журмаар хэрэглэх зөвшөөрөл олгосноос хойш АНУ-д төдийгүй дэлхий даяар хэрэглэж эхэлсэн юм. Тус байгууллага “COVID-19”-ийн хоёр дахь вакцины зөвшөөрлийг эцэслэн баталж буй нь энэ бөгөөд урьд нь 2021 оны наймдугаар сард “Pfizer”-ын вакцинд ийм зөвшөөрөл олгосон юм.


COVID-19”-ийн вакцины зөвшөөрлийг эцэслэн батлах нь цар тахлын эсрэг тэмцлийн чухал алхам болохыг Хүнс, эмийн чанарын хяналтын газрын комиссар Жанет Вудкок цохон тэмдэглэжээ. Тэрбээр мөн “Moderna”-гийн вакцинд яаралтай журмаар хэрэглэх зөвшөөрөл олгосноор олон зуун сая тунг тарьсан тул эцэслэн баталснаар улам олон хүнийг вакцинд хамрагдах шийдвэр гаргахад нь тус дэм болно гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.  


Мөн “Moderna”-гийн вакцин нь Хүнс, эмийн чанарын хяналтын газраас АНУ-д хэрэглэх аливаа вакцинд тавьдаг аюулгүй байдал, үр дүн, үйлдвэрлэлийн чанарын өндөр стандартыг хангасан гэдгийг Ж.Вудкок тодотгон хэлжээ. Энэхүү вакциныг Их Британи, Канад, Япон, Европын Холбооны орнууд тэргүүтэй дэлхийн 70 гаруй улс оронд хэрэглэхийг зөвшөөрөөд байгаа юм. 

Холбоотой мэдээ