Туркийн Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нар “омикрон” хувилбараар халдварлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-02-06 11:09:28

АНКАРА. /Anadolu/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, тэргүүн хатагтай Эмине Эрдоган нар коронавирусний “омикрон” хувилбараар халдварласан нь тогтоогджээ.


“Хөнгөн шинж тэмдэг илэрсний дараа эхнэртэйгээ COVID-19”-ийн шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарлаа. Аз болоход хөнгөн өвчиллөө” гэж Т.Эрдоган “Twitter” хуудсандаа нийтлээд, гэрээсээ ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ гэдгээ мэдэгдсэн байна.


Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтайд дотоод, гадаадын эрх баригчид түргэн эдгэрэхийг ерөөж байна. Тухайлбал, Умард Киприйн Ерөнхийлөгч Эрсин Татар, Пакистаны Ерөнхий сайд Имран Хан, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленьский, Сомалийн Ерөнхийлөгч Мохамед Абдуллахи Фармаажо тэргүүтэй төлөөлөгчид цахилгаан ирүүлжээ.


Мөн Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев Туркийн Ерөнхийлөгчид түргэн эдгэрэхийг ерөөн утсаар ярьж, хоёр орны удирдагчид олон асуудлаар санал бодлоо солилцсон байна. Туркт нэгдүгээр сарын эхэн үеэс “омикрон” хувилбарын тархалтын улмаас өвчлөл эрс нэмэгдэх болсон бөгөөд баасан гарагт 110 мянга гаруй хүнээс халдвар илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. 

Холбоотой мэдээ