“COVID-19”-ийн вакцинжуулалтын зорилтод хүрэхэд илүү их хүчин чармайлт гаргахыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2022-02-15 16:33:18

ВАШИНГТОН. /Reuters/. Дэлхийн хүн амын 70 хувийг энэ оны есдүгээр сар гэхэд вакцинжуулах зорилтыг биелүүлэхэд одоогийн хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд хангалтгүй тул коронавирусний цар тахлыг даван туулах чиглэлд гаргах хүчин чармайлтаа эрчимжүүлэхийг АНУ даваа гарагт улс орнуудад уриалжээ.


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен “COVID-19”-ийн асуудлаарх сайдн нарын түвшний цахим уулзалтын үеэр хэлэхдээ, коронавирусний халдварлах чадвар өндөр “омикрон” хувилбарын тархалт олон газар нутагт саарч байгаа ч цар тахал дуусах болоогүй гэдгийг бид бүгд мэдэж байгаа гэжээ.


“Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ ирэх есдүгээр сар гэхэд дэлхийн улс орон бүрийн хүн амын 70 хувийг вакцинжуулах зорилт дэвшүүлсэн. Одоогоор хурдаар бид түүнд хүрч чадахгүй” гэж тэрбээр хэлсэн байна. Мөн тэрбээр цар тахлыг дуусгавар болгох тэмцэлд тулгарч буй “хамгийн то саад бэрхшээлүүдийг” шийдвэрлэх төлөвлөгөөний талаар танилцуулжээ. Үүнд вакцинжуулалтыг түргэтгэхэд илүү хүчин чармайлт гаргах, нэн шаардлагатай хэрэгслүүдийн ханган нийлүүлэлтийг бэхжүүлэх, вакцины аюулгүй байдлын талаарх буруу ташаа мэдээлэлтэй тэмцэх зэрэг багтсан байна.


Японы Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимасагийн хувьд Япон улс хөргүүртэй ачааны тэрэг зэрэг хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг хангах замаар “COVID-19”-ийн вакцинуудыг дархлаажуулалтын цэгүүдэд нийлүүлэн хүргэхэд хувь нэмрээ оруулж байгааг цохон тэмдэглэжээ.


Э.Блинкен Япон улс 60 орчим улс оронд тусламж үзүүлэх “Last One Mile Support” хөтөлбөрөөрөө бүс нутагтаа манлайлж байгааг онцлоод, цаашид энэ чиглэлд гарч байгаа ахиц дэвшлийг улам ахиулах хэрэгтэй хэмээн хэлжээ. Ийм хэлэлцүүлэг нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены ирэх хавар зохион байгуулахаар төлөвлөж буй “COVID-19”-ийн асуудлаарх дээд түвшний уулзалтын үндэс суурийг тавих төлөвтэй байна.


Өнгөрсөн сард ДЭМБ дэлхийн 90 орчим улс орон хүн амынхаа 70 хувийг вакцинжуулах зорилтдоо хүрч чадахгүй төлөвтэй байгаа талаар мэдээлснийг Э.Блинкен эш татаад, энэ бол олон тэрбум хүн “COVID-19”-т өртөмтгий хэвээр байж, одоогоор илрээд байгаагаас илүү аминд халтай, хурдан халдварладаг шинэ хувилбарууд үүсэх эрсдэл байсаар байна гэсэн үг гэдгийг анхааруулжээ. 

Холбоотой мэдээ