Израил “AstraZeneca”-гийн эмэнд зөвшөөрөл олгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2022-02-16 12:22:28

ЙЕРУСАЛИМ. /Jerusalem Post/. Израилын Эрүүл мэндийн яам Их Британи-Шведийн “AstraZeneca” компанийн “COVID-19”-ийн “Evusheld” эмийг дархлаа султай хүмүүст хэрэглэхийг мягмар гарагт зөвшөөрчээ.


Хоёр төрлийн эсрэг биетийн тарилгаас бүрдэх энэхүү эмийг зөвхөн халдвар аваагүй болон халдвартай хүнтэй ойрын хугацаанд ойрын хавьтал болоогүй хүмүүст хэрэглэхийг зөвшөөрсөн байна.


Эсрэг биетүүд нь вирусний өргөс уурагтай холбогдож, вирусийг хүний эсэд нэвтрэх явцыг саармагжуулж, улмаар халдвар авсан тохиолдолд шинж тэмдэг илрэх эрсдэлийг бууруулдаг гэж тус яам мэдээлжээ. Тийнхүү хүндээр өвчлөх, улмаар нас барах эрсдэлийг 83 хувиар бууруулж байгааг тогтоосныг эш татсан байна.


Эрүүл мэндийн яам энэхүү эмчилгээг 12-оос дээш насны, 40-өөс дээш кг жинтэй, дархлаа султай хүмүүст хийхийг зөвшөөрсөн байна. 2021 оны 12 дугаар сарын эхээр АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар “Evusheld”-ийг дархлаа султай, “COVID-19”-ийн вакцинд хүчтэй сөрөг хариу урвал үзүүлсэн хүмүүст яаралтай журмаар хэрэглэхийг зөвшөөрсөн юм. 

Холбоотой мэдээ