Б.Батцэцэг: Монгол Улс маргаантай талууд асуудлаа хэлэлцээрээр шийдвэрлээсэй гэж хүсэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-02-24 18:26:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ, Украин улс маргаанаа яриа хэлэлцээрээр шийдвэрлээсэй гэж Монгол Улсын Засгийн газар хүсэж буйг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдааны шийдвэрийг танилцуулахдаа онцлов.


Тэрбээр, “ОХУ, Украин улсын асуудалд Монгол Улс санаа зовниж байгаа. Монгол Улс НҮБ-ын бүх гишүүн оронтой найрамдалт харилцаатай. Тиймээс ч  маргаантай талууд асуудлаа яриа хэлэлцээгээр шийдвэрлээсэй, дэлхийн энх тайвныг сахин хамгаалахад хувь нэмрээ оруулах юмсан гэсэн байр суурьтай байдаг” гэлээ.


Ташрамд дурдахад, Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Украин улсад сурдаг 27 оюутныг эх орондоо авч ирэх зардлын асуудлыг хэлэлцсэн бөгөөд Польш улсаар дамжуулан авахаар төлөвлөж буй аж. Тус улсад Монголын 90 орчим иргэн байгаагаас 22 нь Украинд байнга оршин суудаг, 68 нь оюутан юм. Оюутнуудаас 41 нь түр хугацаагаар нутаг буцах шийдвэр гаргаж, эх орондоо ирсэн бол 27 нь ирэх хүсэлт гаргаад буй юм. Харин байнга оршин суудаг иргэдээс эх орондоо ирэх хүсэлт гаргаагүй байна.

Холбоотой мэдээ