“Shionogi” компани “COVID-19”-ийн эмэндээ зөвшөөрөл хүсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2022-02-26 10:10:49

ТОКИО. /Kyodo/. Японы “Shionogi & Co” эмийн компани “COVID-19”-ийн дотуур ууж хэрэглэдэг эмэндээ зөвшөөрөл авах хүсэлт гаргаснаа баасан гарагт мэдэгджээ. Эмийн эмнэлзүйн дунд шатны туршилтаар хүний бие дэх коронавирусийг бууруулж буй үр дүн үзүүлсэн байна. 


Энэ нь Японд “COVID-19”-ийг эмчлэх зорилгоор дотоодод гарган авсан анхны эм юм.


Осака хотод төвтэй тус компани эмнэлзүйн “2a” шатны туршилтын үр дүндээ үндэслэн Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд “S-217622” эмэндээ нөхцөлт зөвшөөрөл авах хүсэлт гаргасан байна. 


Энэхүү эмийг коронавирусээр хөнгөн, дунд хэлбэрээр халдварласан өвчтөнүүдэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх эрсдэлийг нь үл харгалзан уулгах зорилгоор бүтээсэн бөгөөд вирусийг биед үржихээс урьдчилан сэргийлдэг гэж үзэж байна. 


Нөхцөлт зөвшөөрөл нь аливаа эмийн үр нөлөө, аюулгүй байдал нь тодорхой түвшинд батлагдсан тохиолдолд эмнэлзүйн туршилтын сүүлийн үеийн шатыг алгасах боломжийг эм үйлдвэрлэгчдэд олгодог гэж Эрүүл мэндийн яам мэдээлжээ.

Холбоотой мэдээ