Баян-Өлгий аймаг 200 сая төгрөгөөр модны тарьц, суулгац бэлтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-05-09 15:34:33

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баян-Өлгий аймаг 800 сая төгрөгөөр модны тарьц, суулгац бэлтгэнэ.

Тодруулж хэлбэл, аймгийн Орон нутгийн өмчийн газраас "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд авч хэрэгжүүлэх ажлын тендерийг энэ сарын 6-ны өдөр зарласан. Худалдан авах ажиллагааны үр дүнд 2031 он хүртэл орон нутагт стандартын шаардлага хангасан тарьц, суулгац нийлүүлэх аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулах юм.

Ажлын нийт төсөв нь 200 сая төгрөг бөгөөд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлнэ. 

Тарьц, суулгац нийлүүлэх аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжлийн боловсон хүчинтэй, тус аймгийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 20-иос дээш га ойжуулалт, мод үржүүлгийн талбайтай байх, 2031 он хүртэл орон нутагт 500 мянган ширхгээс дээш тооны суулгацыг үнэгүй нийлүүлэх, сүүлийн 3 жилд ойжуулалт болон адил төстэй ажил хийсэн байх зэрэг шалгуурууд тавьжээ.

Тендерт оролцогчдыг энэ сарын 23-ны өдөр Тендер шалгаруулалтын онцгой журмын дагуу хязгаарлагдмал тендер шалгаруулалтын аргаар тодруулах ажээ.

Ташрамд сануулахад, Баян-Өлгий аймаг "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэл 20 сая мод тарихаар төлөвлөж ажиллаж байгаа юм. 

Холбоотой мэдээ