"Гэрлээр хэрхэн бичих вэ" буюу дутуу юмгүй ном

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-10-04 17:14:22

Гэрэл зурагчин В.Баттулга шинэхэн бүтээлээ хэвлэлтээс авлаа.

Манай хэмээх өөриймсөх нь учиртай. Гэрэл зураг хэмээх их айлын энэ цагийн өнгийг тодорхойлж, магадгүй олон олон учгийг зангидаж яваа нэгнийгээ бид "манай" хэмээхээс өөр аргагүй байдаг. Тэгээд ч В.Баттулга хэмээх нэр аль хэдийн олны дунд чадалтай сайн зураг, зохиомж өгүүлэмжийн нийцлээрээ танил болсон. 

"Ертөнцийг гэрлээр бичих урлаг" хэмээх энэхүү номонд гэрэл зургийг анх яаж авахаас эхлээд гэрэл зураг сонирхогч, гадралдаг хэн бүхэнд хэрэгтэй,  урьд өмнө хэвлэгдэж байсан фото зүйн номнуудыг бодвол харьцангуй цогц бүтээл болжээ. Фото сэтгүүл зүйг сонин хэвлэлийн хавсарга төдийгөөр сонирхож байсан бол өнөөдөр нийтлэлийн бие даасан нэгэн төрөл гэдгийг бататгахад энэ ном тодорхой үүрэг гүйцэтгэх нь гарцаагүй юм.

Түүний номын эхэнд "В.Баттулга дэлхийн болоод Монголын гэрэл зургийн түүхийг баримтаар өгүүлж, фото сэтгүүл зүйн тухай өргөн хүрээтэй мэдээлэл өгч, гэрэл зургийн мэргэжлийн ойлголт, нэр томьёог тайлбарласан ном бүтээсэн нь нүдээ олсон шийдэл болжээ. Тэрбээр энэ номыг бүтээхийн тулд гэрэл зургийн үүсэл хөгжил, монголчуудтай холбоотой ховор хуучин зургууд, архивын баримт бичиг, дэлхийд алдартай гэрэл зургуудын түүх, Монголын гэрэл зурагчдын тухай мэдээлэл цуглуулж, нэлээд өргөн хүрээтэй судалгаа хийжээ.

Монголын фото сэтгүүл зүйн түүхтэй холбоотой баримтыг ийнхүү нэгтгэн шинжлэх ухааны судалгааны эргэлтэд оруулах нөхцлийг бүрдүүлж өгсөнд уг номын үнэ цэнэ оршино" хэмээн МСНЭ-ийн Ерөнхийлөгч, СГЗ Б.Галаарид бичжээ.

Пулитцерын шагналд хэрхэн нэрээ дэвшүүлж болох хийгээд өмнө нь ямар бүтээлд энэ шагналыг олгож байснаас өгсүүлээд дэлхийд алдаршсан бүтээлүүдээ барьж зогссон зохиогчид, алдарт "МАГНУМ" агентлагийн үүх түүх, үүсэл хөгжил, Монголдоо хэн хэн гэрэл зургийн анхдагчаар нэрлэгддэг, аппарат хэрэгслийн тохируулга, нэр томьёоны тайлбар гээд энэ номонд дутуу юм үгүй аж.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд