АРХАНГАЙ: "Уртын дуу-100 жил" анхдугаар уралдааныг зохион байгуулав

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2022-11-16 10:14:23

Архангай /МОНЦАМЭ/. Соёлын яамнаас зарласан "Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд Архангай аймгийн Соёл урлагийн газраас урлаг уран, бүтээлийн долоо хоногийн өдрүүдэд зориулан соёлын биет бус өв өвлөн уламжлагч, өвлөн суралцагч, ардын авъяастнууын дунд "Уртын дуу-100 жил" анхдугаар уралдааныг зохион байгуулж, шилдгүүдийг шалгарууллаа.

 

Энэ арга хэмжээ нь өвлөн уламжлагчийг шинээр нээн тодруулах, өвөг дээдсээс уламжлан ирсэн уртын дуу, морин хуур хөгжмөө ирээдүй хойч үедээ танин мэдүүлэх, сурталчлах зорилготой юм.

 

"Уртын дуу-100 жил" анхдугаар уралдааны энэхүү 2-р шатанд 17 сумын 50 орчим өвлөн уламжлагч, өвлөн суралцагч, ардын авъяастнууд оролцлоо. Шүүгчээр Үндэсний урлагийн их театрын уртын дууч, өв тээгч, МУГЖ Г.Энхбаатар, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, морин хуурч, өв тээгч, СТА И.Амартүвшин, ХТД-ын дарга, уртын дууны өв тээгч, СТА Ж.Нямсүрэн нар шүүн тунгаалаа. Уралдааны Тэргүүн байрт Цэнхэр сумын 30 настай залуу өвлөн уламжлагч Д.Очирхуяг, дэд байранд Батцэнгэл сумын 83 настай өвлөн уламжлагч Д.Энэбиш, гутгаар байранд Эрдэнэбулган сумын 81 настай өвлөн уламжагч Б.Лхамжав нар оржээ.

 

Мөн эл өдөр шалгаруулалт эхлэхээс өмнө уралдаанд оролцох хүмүүс аймгийн 100 жилийн ойд зориулан бэлтгэж буй видео контентийн зураг авалтад "Эрхэм төр" уртын дууг дуулж, оролцсоноороо онцлог байлаа.


1-р шатны шалгаруулалт нь сум сумынхаа соёлын төвд болсон ба нийт 130 орчим хүмүүс оролцсон байна.